“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-ийг соёрхон батлах Монгол Улсын олон улсын гэрээг нийтэлсэн. Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн зорилго нь тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлох дүрэм, журмын дагуу олон улсын ачаа, зорчигч тээврийн замын хөдөлгөөнд учирч буй аюул, осол, саад бэрхшээлийг бууруулах явдал юм. Мөн хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хууль, эрх зүйн орчин сайжрах, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөж, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллах боломж бүрдэх, тээвэрлэгч, жолооч нарын болон тээвэрлэлтийн аюулгүй байдал хангагдаж, өөрийн улсын болон бусад улс орнуудын нутаг дэвсгэрт эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх, жолоочийн ядрах, сульдах зэрэг бие физиологийн байдлаас үүдэлтэй зам тээврийн осол, зөрчил буурах, тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд олон улсын жишигт нийцсэн техник технологийг ашиглах, түүгээр дамжуулан тээвэрлэлтийн гүйцэтгэлд хяналт тавих боломж бүрдэх, ачаа тээврийн жолооч, тээвэрлэгчдийн бүртгэлийн болон ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийн сантай болох, тээвэрчид гадаад улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэхийн зэрэгцээ дамжин өнгөрөх тээвэрлэлт өргөжин хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Эмхэтгэлийн тус дугаарт Түр хороо байгуулах тухай, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлсэн байна. “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаарх холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд тус тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр “КОВИД-19” цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар, Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрхийн талаар, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар, Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн нөхцөл байдлын талаар, Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын талаарх асуудалд анхаарч, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолоор Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/; Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Газрын багц хуулийн төсөл /Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Кадастрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл; “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 64 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эмхэтгэлийн тус дугаарт нийтлэгдсэн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг томилсон байна.
Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн “Журам шинэчлэн батлах, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 000 (таван зуун мянган) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.