Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 30 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль нийтлэгдсэн бөгөөд уг хуулиар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцод 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.  

Эмхэтгэлийн тус дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Үүнд:-Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх,  онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх; -Архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах; -Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр, ёслолын арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох; -”Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх; -Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах; -Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах; -Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах; -Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

 Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмааг томилж, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилж, Монгол Улсаас Ирланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Ирланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг томилж, Монгол Улсаас Исланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг томилсон байна.

Мөн тус эмхэтгэлд Кино урлагийн зөвлөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Журам батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, Кино урлагийн зөвлөлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Кино урлагийн зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Кино урлагийн зөвлөлийн ажиллах журам”, 3 дугаар хавсралтаар “Кино урлагийн зөвлөл”-ийн ажлын албыг байгуулан дүрмийг баталж, орон тооны хязгаарыг 18 байхаар тогтоожээ. Түүнчлэн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмыг Монгол Улсад үржүүлж буй төрөл бүрийн үүлдэр, омгийн малын ашиг шимийн чиглэл, цөм сүргийн байршил, үржүүлэх зохистой бүс нутгийг тогтооход баримтлах ажээ. Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан бөгөөд уг журмаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дагнан хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо гурваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхэдтэй хамт хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэг байхаар тус тус тогтоожээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын  тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ, хугацаа”-г тус тус баталсан байна. Тус журмаас тэтгэлэг олгох нөхцөл, суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ, хугацаатай дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Мөн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сангааас эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох болон эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох, зээл олгох банкийг сонгон шалгаруулах, зээлийг эргэн төлөх, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.      

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл