“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна.
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар төрийн тусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын саналыг үндэслэн төрийн албаны төв байгууллага батлах, түүнчлэн төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болох бөгөөд ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлахаар хуульд нэмж тусгажээ.
Төрийн жинхэнэ албаны шалгалттай холбоотойгоор ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, тус хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон тус хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авах, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор тусгаж, ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулах зохицуулалтыг улиралд нэгээс доошгүй удаа болгон өөрчлөлт оруулсан байна.
Төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагад өөрчлөлт оруулж тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил тус тус ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байхаар тусгагдсан болно.
Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотойгоор дараах өөрчлөлт орсон байна. Үүнд: -Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан ажиллуулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд анх илгээсэн төрийн байгууллагын саналыг авч, харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх; -Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин өөр төрийн байгууллагад үргэлжлүүлэн сэлгэн ажиллуулахгүй байх; -Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болохоор тусгагдсан байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан тохиолдолд хамаарч байсан бол иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр тусгагдлаа.
Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаанд хориглох зүйлд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглох ажээ.
Эмхэтгэлийн мөн дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд нийтлэгдсэн бөгөөд Монгол Улсаас Монтенегро Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилж, Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилжээ.
Түүнчлэн эмхэтгэлд Журам батлах тухай, Дүрэм батлах тухай, Жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд тухайн эрх зүйн актууд нь тус тус холбогдох харилцааг зохицуулах юм. Тухайлбал, “Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журам”-аар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
“Төрийн тусгай хамгаалалтын газрын туг, бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журам”-ыг Төрийн тусгай хамгаалалтын газрын тугийг үйлдэх, залах, байрлуулах, хадгалах, хамгаалах, зөөвөрлөх болон Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдгийг үйлдэх, байрлуулах, хэрэглэхэд мөрдөнө.
“Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм”-ийн зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.16-д заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулах, уг комиссоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Монгол Улсад 2022 онд зохион байгуулах олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.