Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 32 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт  оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан  хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 54дүгээр зүйл нэмсэн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам гэсэн бүлэг болон “1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/ гарсантай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурал тусгайлсан дэгээр хэлэлцэж болно.” хэсэг нэмсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулсан нэмэлт, Үндсэн хуулийн цэцэд маргаан  хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд оруулсан нэмэлттэй тус эмхэтгэлээс  дэлгэрэнгүй танилцах боломжтой.

 Мөн эмхэтгэлийн тус дугаарт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд нийтлэгдсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Түндэвийн Энхмааг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ.

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг томилж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг томилсон байна.   

Түүнчлэн тус дугаарт Жагсаалт батлах тухай, Жагсаалт шинэчлэн батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн бөгөөд тухайн эрх зүйн актууд нь тус тус холбогдох харилцааг зохицуулах юм. Тухайлбал, Жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийн жагсаалтыг  баталсан. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан байна.

“Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмыг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи (цаашид “Тэргүүлэх чиглэл, цөм технологи” гэх)-ийг тодорхойлох үйл ажиллагааг зохицуулахад мөрдөнө. 

Мөн Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан ба уг журмаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоход  мөрдөх ажээ.  

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.        

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл