Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 34 дугаарын тойм

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд уг хуулиар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн 3 дахь өгүүлбэрийг хассан байна.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай зарлигаар төрийн захиргааны нийт 14 албан хаагчид төрийн захиргааны тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгосон байна.           

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Камбожийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Камбожийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг томилж, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилж, Монгол Улсаас Андоррын Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Андоррын Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг томилжээ.  

Шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Доржсүрэнгийн Алтаннавчийг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Сүрэнхүүгийн Аюушжавыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чойнорын Мөнгөнцэцэгийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл