Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 06 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх холбогдох Байнгын хорооны танилцуулгыг хийсэн тул хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төсөлд иргэд ядуурал, амьдралын боломжгүйгээс эд, эс, эрхтэний наймаанд өртөхөөс хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан.
Төсөл санаачлагч гишүүн Ж.Чинбүрэн хариултдаа, өмнө нь хамтын төлбөр гээд 20-30 сая төгрөг төлж эд, эс, эрхтэнийг шилжүүлэн суулгадаг байсан бол өнөөдөр холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар иргэд эд эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахдаа нэг ч төгрөг зарцуулахгүй болсныг тодотгов. Мөн тэрбээр, Энэ хуулийн үндсэн үзэл санаа нь Монгол Улсад хэн нэгэн мөнгөгүйгээсээ болоод бусдад эд, эс, эрхтэнээ зарахгүй байхад чиглэсэн. Түүнчлэн энэ хуулийн төсөлд донорын насыг 21 болгосноор 22-25 насныхан гэр бүлийнхээ хэн нэгний амь насыг аврахын тулд санхүү, мөнгөө үрэн гадаад улсыг зорин донор болохгүйгээр, монголдоо эмчлүүлэх гол өөрчлөлтийг оруулсан гэж хариулж байлаа.
Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Н.Учрал нараас амьд донорыг өөрийнх нь зөвшөөрлөөр олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн зохион байгуулахаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С,Одонтуяа, Б.Бейсен нараас эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллах, тус хорооны дүрмийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Иймд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Дараа нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн зарим хэсэг, заалтын “газар, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмч”-ийн тухай зохицуулалтын талаар гишүүдийн зүгээс хэлсэн саналын дагуу Байнгын хороо эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн эрх зүйн дүгнэлтэд нийцүүлэн “төрийн нийтийн өмч” гэж, мөн Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа бусад хууль тогтоомжийн төслүүдийн хоорондын уялдааг хангах зорилгоор зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно. Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар санал хураалт явуулахгүйгээр нээлттэй үлдээж, Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Ажлын хэсэг дахин боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 81 хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 36 саналын томьёоллоор санал хураалтыг явуулсны дараа Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 06 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойших хугацаанд батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслийн зохицуулалттай Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг уялдуулах, хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн 30 хуулийн төсөл Ажлын хэсгийн зүгээс бэлтгэснийг Байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпцунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбоотойгоор боловсруулсан Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Музейн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Оюуны өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжлээ.
Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Хуралдаан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн 15 дугаар зүйлийг гүйцээн боловсруулж, холбогдох хуулийн төслийн зохицуулалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг үндэслэн Ажлын хэсгээс төслийн 15 дугаар зүйлийн “үнэлгээчний эрхийг иргэнд таван жилийн хугацаатай олгож, таван жилээр сунгах” гэснийг “үнэлгээчний эрхийг гурван жилийн хугацаатай олгож, гурван жилээр сунгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэдгийг тодотгосон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасан. Тухайлбал, төслийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.5, 17.6, 17.7, 17.8 дахь хэсгийг өөрчлөн найруулж, үнэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан 15 дугаар зүйл болгох, мөн төслийн 19 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсгийн “судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээс өөр давхар ажил эрхлэх,” гэснийг хасах зэрэг Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Иймд Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 13 дугаар тогтоолоор Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох болон зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарыг оролцуулан байгуулсныг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Мөн тэрбээр, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар, мөн ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтад тусгасан байна. Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангаж, саналыг судлах сэдвийн хүрээг хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосныг онцлоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Ц.Туваан, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсний дараа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжлээ.
“Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын Төрийн ордны тухай хуулиар Төрийн ордны эрх зүйн байдал, түүний хамгаалалт, үйлчилгээг зохицуулдаг бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг Монгол Улсын Их Хурал тогтооно.” гэж заасныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн ордон халдашгүй дархан байна.” гэж, мөн зүйлийн 5.2 дахь хэсэгт “Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана.” гэж тус тус заасан болно. Мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн ордон төрийн тусгай хамгаалалтад байх талаар зохицуулсан гэв.
Мөн тэрбээр, Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 16 дугаар тогтоол батлагдаж, Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, урд хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцохоор тогтоож байв. Дээрх хэмжээсээр Төрийн ордны урд зүгт байрлах Чингис хааны хөшөөнөөс урагш төрийн гурван тугны суурь хүртэлх зай, Төрийн ордны хойд зүгт байрлах цэцэрлэгт хүрээлэн буюу “Ардын хувьсгалын талбай” хамрагдаж байгаа болно. Дээрх тогтоол батлагдсанаас хойш Төрийн ордны урд талын өргөтгөл баригдсан, ойр орчмын авто болон явган хүний зам шинэчлэгдсэн, “Ардын хувьсгалын талбай”-г төрийн тусгай хамгаалалтад байлгах нөхцөл, шаардлага арилсан зэргээс хамаарч уг тогтоолд дурдсан хэмжээ, заагийг шинэчлэн тогтоох шаардлага үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хүрээнд 2008 онд “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар хамтарсан тушаалаар баталсан. Уг журмаар Төрийн ордны хамгаалалтын бүсийн хэмжээ хязгаар, Төрийн ордонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, албан тушаалтуудын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордонд нэвтрэх албан хаагчдын хувцаслалтын код болон хамгаалалттай холбоотой бусад харилцааг журамласан. Уг журам нь батлагдсанаас хойш зарим төрийн байгууллагын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мөн Төрийн ордны хамгаалалтын бүрэлдэхүүнд орж байсан зарим хэсэг нүүж, нөхцөл байдал цаг үеэ даган шинэчлэгдсэнтэй холбогдуулан уг журмыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн зэргийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатараас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулахдаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг тодотгов.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөлд Төрийн ордны ард талын цэцэрлэгийг нээлттэй болгох, цаашлаад Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлагыг өөрчлөх асуудлыг хэрхэн тусгасан талаар лавлаж байлаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмэлт тайлбар хийлээ. Тэрбээр, Төрийн ордон 1951 онд баригдсан. Анх баригдсан хэсгийн барилгын хийцийн мод өмхийрч, даацгүй болсноос хананд цууралт үүссэн тул хүчтэйхэн газар хөдөлбөл нурж, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэж Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байдаг. Төрийн ордонд зөвхөн УИХ үйл ажиллагаа явуулдаг бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ЗГХЭГ-ын аж ахуй, үйлчилгээний олон газрууд байрладаг тул багтаамж нь хүрэлцэхээ больсон зэрэг бодит нөхцөл байдлыг олон нийтэд мэдэгдэх нь зүйтэй гэж байлаа.
Төсөл санаачлагч гишүүн Д.Цогтбаатар хариултдаа, тогтоолын төслийн хүрээнд Төрийн ордны хойд цэцэрлэг иргэдэд нээлттэй болох хэдий ч ордны аюулгүй байдлын асуудлыг тусгайлан анхаарч шийдэх шаардлагатайг онцолсон. Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлагыг уг тогтоолын төслийн 4 дүгээр зүйлд тусгаж шийдвэрлэхээр болсон хэмээв.
Ингээд “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Эрүүгийн хуульд тусгасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр заасан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2022 оны 05 дугаар сарын байдлаар шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 2333 ялтныг хяналтын системд бүртгэж, хяналтад авснаас 894 ялтны ялын хугацаа дуусаж суллагдаж, 291 ялтны ялыг хорих ялаар сольж, 1148 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан нь ялтныг бүртгэл, хяналтад аваагүй, шүүхээс заасан хориглолт, хязгаарлалт, зорчих чиглэлийг тогтоон ял эдэлж эхлээгүй байхад ялын хугацааг тооцож байна. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсон өдрийг гүйцэтгэх хуудсанд дурдаагүйгээс ял эдэлсэн хугацааг харилцан адилгүй тоолж, ялтанд ял завших боломж бий болгож байх тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох зохицуулалт тусгасныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага мөн.” гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар цэргийн цолтой офицер 1595, ахлагч 1496, энгийн 73 нийт 3164 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна. Гэтэл Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” болон 2016 оны Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудад төрийн цэргийн байгуулал, цэргийн албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хамаарахгүй байхаар тусгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 278 дугаар зүйлийн 278.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж заасны дагуу тус байгууллагын алба хаагчид цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж байгаа хэдий ч бусад цэргийн байгууллагын алба хаагчийн нэгэн адил Цэргийн албаны тухай хуулиар олгогдсон эрхийг эдэлж чадахгүй орхигдож эрх зүйн байдал дордох, алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол алдагдах нөхцөл байдал үүсээд байна. Иймд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал дахь дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоо бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгасан гэж байлаа.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.7-д “Цагдан хорих төв, байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн болон согтуурах, мансуурах донтох эмгэгтэй этгээдийг албадан эмчлэх байгууллагын ажилтныг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзнэ.” гэж заасан. Энэ нь баривчлах төв болон баривчлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хамаарахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хуульд заасан эрх зүйн байдал харилцан адилгүй, ялгамжтай байдлаар зохицуулсан байх тул баривчлах төв болон байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх өөрчлөлтийг тусгасан гэв.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.” гэж заасан бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагч цэргийн албанд 10-аас доошгүй жил ажилласан бол цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр, харин 25-аас доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох харилцааг зохицуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тасралтгүй ажилласан боловч эрх зүйн шинэчлэлээс хамааран 2002-2018 онд ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцогдохгүй, уг хугацаанд оруулан тооцох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс тэдний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд 244 шийдвэр гүйцэтгэгч, 47 ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллаж байгаа бөгөөд 2002-2018 он хүртэлх энгийнээр ажилласан 101 алба хаагчаас тасралтгүй ажилласан 9 эмэгтэй, 1 эрэгтэй шийдвэр гүйцэтгэгч 2022 онд цэргийн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдахаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял бодитой хэрэгжих боломж нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдэлсэн хугацааг тоолохдоо шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс бус ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхэлж тоолох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгууллагад хамааруулах, баривчлах байранд ажиллаж байгаа алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтган үзэх, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсан гэдгийг дурдаад хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг тодотгосон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Жаргалмаа, Н.Энхболд, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар асуулт асууж, санал хэлсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял хариуцлагыг чангатгах зорилт, арга хэмжээг тусгасныг дурдав.
Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан зохицуулалтыг танилцууллаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоож, өршөөл үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах нэмэлтийг тусгалаа. Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав. Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд өмчлөгч эсэхээс үл хамааран хүрээлэн байгаа орчны эсрэг ашигласан тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бараа, эд зүйлийг хураан авч улсын орлого болгохтой холбоотой өөрчлөлтийг хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан томоохон өөрчлөлтийн нэг нь Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан авлигын зарим гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр нь зөрчил, гэмт хэрэгт тооцож ирсэн буруу жишгийг өөрчилж, хулгайлах үйлдлийг хохирлын хэмжээ харгалзахгүйгээр гэмт хэрэгт тооцох, ингэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан хулгайлах гэмт хэргийг ялган хуульчилж, ийнхүү хуульчилснаар мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг ялгамжтай тодорхойлох, Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн болно. Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн гаралт, учруулсан хохирол, хор уршиг жил дараалан байнга өсөж, үйлдлийн арга нь улам нарийсч, зохион байгуулалттайгаар, цахим хэлбэрээр, олон улсын шинжтэй, улс орон дамнан үйлдэгдэх хандлагатай болж байна. Олон улсын шудрага өрсөлдөөний зарчим нь зах зээлийг хууран мэхлэх, олон нийтийг төөрөгдүүлэх, зориуд зохиомол байдал бий болгох, валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид хууль бусаар нөлөөлөхийг хориглох замаар зах зээлийн тэнцвэрт байдлыг хангадаг. Иймд хуулийн төсөлд өмчлөх эрхийн эсрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг хамгаалах зохицуулалтыг хуульчлах, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг төсөлд тусгасан гэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.
Хууль санаачлагч гэмт хэргийн хохирлын хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоох, хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох, бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тоног төхөөрөмжийг хураан авч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болон тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэмж, ногдсон татвар, хүү, алдангийг сайн дураар төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахаар уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйлдлийг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцох, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулдаг байх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгах зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсныг Ц.Сэргэлэн гишүүн танилцуулгадаа онцлохын зэрэгцээ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нарын зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч төслийн 20.18 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гишүүдийн зүгээс малчид газар нутгаа хамгаалж, тэмцэж байгаа цаад шалтгааныг сайн тунгаах шаардлагатай. Уул уурхайн хайгуулын лиценз, тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон байвал яах вэ, тэр газар нутаг нь монголчуудын соёлын үнэт өвийг хадгалсан эсвэл шүтэж тахиж ирсэн уул ус цаашлаад тухайн малчдын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн газар байвал яах вэ гэдгийг олон талаас нь бодох шаардлагатай гэж байлаа. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлаа бүрэн цэгцэлж чадаагүй байж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, эсхүл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа хөгжлийн төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд саад учрууллаа гээд иргэдийг яллаж болохгүй тул хэлэлцүүлгийн явцад энэ хэсгийг засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.