Цэс

Холбоо барих

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын есөн гишүүн Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилго бүхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.06.27/ Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам сонсголыг нээж хэлсэн үгэндээ “Хүн хоногийн 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчныг бүрдүүлэгч барилгын материал, тавилга, модон эдлэл, шахмал хавтан, будаг, замаск, цавуу, цэвэрлэгээний материал, хивс, принтер зэрэг олон төрлийн зүйл хүний эрүүл мэндэд хортой дэгдэмхий органик нэгдлийг ихээр агуулдаг байна. Иймд бид гадаад орчин төдийгүй дотоод орчны бохирдлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай болоод байна” хэмээлээ.

Сонсголын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг “Цэцэрлэг, эмнэлгийн барилга, дотоод орчны агаарын чанарын үнэлгээ”, Ниймгийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Сувд “Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө”, БХБЯ-ны газрын дарга Б.Гантулга  “Барилгын дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн “Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд барилгын материалд тавьж буй хяналт” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
НҮБ-ын хүүхдийн сангаас 2020 онд нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймгийн нийт 44 цэцэрлэгийн барилгад үнэлгээ хийхэд судалгааны дүнд барилгууд насжилт өндөртэй, дулаан алдалт ихтэй, агаар сэлгэлтийн систем стандарт бус, дотоод орчны агаарын бохирдол, дэгдэмхий органик нэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их гэх мэт олон асуудлууд гарч байжээ. Тус сангаас 2022 онд барилгын дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалаас үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах шийдлийг тодорхойлох судалгааны ажил, дэгдэмхий органик нэгдэл, дотоод орчны агаарын чанартай холбоотой ISO 16009, 11890 цуврал стандартуудыг орчуулж, үндэсний болгох, цэцэрлэг, сургуулийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн стандартыг боловсруулж батлах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан байна.

Түүчлэн мэргэжлийн байгууллагууд импортоор орж ирж байгаа материалд тохирлын үнэлгээ хийх, барилгын материалын лабораторийн хүчин чадал, чадавхыг сайжруулах, бүтээгдэхүүнээс түүвэр дээж авах арга зүйг сайжруулах, шинэ барилгын дотоод орчны дэгдэмхий нэгдлүүдийн агуулгыг хянах, барилгын хийцийн материалын хяналтыг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илтгэлүүддээ онцолж байв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд мэргэжлийн байгууллагын төлөөллүүдээс илтгэлүүдтэй холбоотойгоор асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад ойрын хугацаанд нэн даруй хэрэгжүүлж болох арга хэмжээ болон хилээр орж ирж буй барилгын материалын хяналт болон лабораторийн чадавхыг хэрхэн сайжруулах талаар лавлалаа.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс нэн түрүүнд агаар сэлгэлтийн стандартыг баталж, мөрдүүлэн ажиллаж байна. Эхний ээлжинд эмнэлгийн барилгын стандартыг баталгаажуулсан. Энэ ондоо багтааж, сургууль, цэцэрлэгийн барилгын стандартыг баталгаажуулна. Хилээр орж ирж байгаа бараа материалын тохирлын гэрчилгээг нь шалгаад оруулбал асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа ч үнэндээ үр дүн гарахгүй байна. БНХАУ-аас импортлож байгаа бараа материалын үнийн болоод чанарын баримт, тохирлын гэрчилгээ хуурамч байх нь олонтаа. Үүнийг шийдэх гарц нь өмнөд хөршөөс будаг оруулж ирж, зах зээлд нийлүүлэхгүй байх хэрэгтэй гэв.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж төрийн байгууллагуудын лаборатори бараг ажиллахгүй байна. Хамтарсан шалгалт хийхэд лабороторийн ихэнх нь тоног төхөөрөмжийн болон мэргэшсэн боловсон хүчний дутагдалтай. Шинэчлэл огт хийгдээгүй байна. Тиймээс барилгын материалын хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг аюулгүйн үзүүлэлтийг техникийн зохицуулалттай болгох, төв, орон нутаг, хилийн боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой болох, хилийн нэвтрэх цэгт хорио цээрийн хяналт шалгалтад хамруулах талаарх Шадар сайдын тушаалд өөрчлөлт оруулж, хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам “Жилд манай улсад 6000 гаруй иргэн хорт хавдраар өвчилж байна. Үүнээс 100 гаруй нь хүүхэд. Монгол Улсад хорт хавдар гамшгийн байдалтай болоод байгаа. Бид энэ асуудал дээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” хэмээгээд дотоод орчны агаарын чанар сайжирч байж бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа бий болно. Сонсголд хэлэлцэгдсэн асуудлуудын дагуу Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос тогтоол гаргана. Тогтоолоор Засгийн газар холбогдох байгууллагуудад чиглэл өгнө. Богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах ёстой. Хилийн боомтууд дээр лабораториуд байгуулах төсвийг ирэх оны төсөвт суулгах хэрэгтэй. Түүнчлэн байгаа лабораториудынхаа хүчин чадлыг мөн сайжруулах хэрэгтэй" гэв.

Сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Х.Булгантуяа, Ц.Мөнх-Оргил, Ц.Туваан, С.Одонтуяа, Ц.Идэрбат, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар болон Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын удирдлагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл