Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна.

         Мөн тус дугаарт нийтлэгдсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсад эмийн чанар, хяналтыг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Үүнд: Олонхыг төлөөлөн:  П.Анужин, Д.Батлут, Э.Батшугар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Н.Учрал, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлөн: Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, С.Одонтуяа, Ц.Туваан нар.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Дашдондогийн Ганбатыг нэмжээ.

 Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасан байна.   

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр Сангишаравын Дондовыг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилох тухай тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Ядамжавын Цэлмэнг тус тус томилжээ.

 Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Дүрэм батлах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Тухайлбал, “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм” -ийн зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах ажээ.

“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”-аар аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл