Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаар ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.06.23/ Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон “Гурван гал” нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
ЭХЭМҮТ нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр эрх зүйн орчин, удирдлага тандалтыг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг таван үндсэн зорилт тавин ажиллаж байгаа аж.
Энэ онд улсаас ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник” болон “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, ЭХЭМҮТ-ийн барилгын их засвар, Эрүүл мэндийн явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудын хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан байна.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Нярайн төрөлхийн бодисын солилцооны өвчин, удамшлын өвчний скринингийг нэвтрүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх, сувилагч, хүүхдийн эмчийн хүний нөөцийг бодлогоор дэмжих, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн эмчийн орон тоо гаргаж, ажиллуулах, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч, сайжруулах, их дээд сургуулийн чанарыг сайжруулах шаардлагатай байна” хэмээлээ.
Дараа нь ажлын хэсгийн гишүүд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмнэлгийн удирдлагууд хүний нөөцийн асуудал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, үйлчлүүлэх соёл зэрэг асуудлууд тулгамдаж буйг мөн хэлж байлаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээлсэн тусламж үйлчилгээний санхүүжилтээ авах нь хүндрэлтэй байгаа гэдгийг онцолсон юм.