УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.01.11/ 14.08 цагт хуралдаж Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгасан юм.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Билэгт тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
Энэ сарын 09-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр зарчмын зөрүүтэй зарим саналыг Ажлын хэсгийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтсон юм. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллыг хэлэлцсэнээ Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.
Тухайлбал, төслийн 13.2 дахь хэсгийг “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ жолооны үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” хэмээн өөрчлөн найруулах санал гишүүдийн дэмжлэг авсан.
Мөн энэхүү тэмдэглэгээг хийх журмыг боловсрол, зам тээврийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар төсөлд тусгах санал дэмжигдсэн. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.