Цэс

Холбоо барих

Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал байгуулагдсаны 30 жилийн ойд: ИТГЭМЖИТ ТҮШЭЭ МИНУ


Эрхэм хүмүүн

Монгол Улсын анхны Их Хурлын 30 жилийн түүхийн алтан агшин, мөнгөн мөчлөгийг тохиолдуулан уншигч, сонсогчдодоо нэгэн эрхэм түшээгийн үүх түүхээс хүргэе.

“...1990 оноос хойш Монгол Улс хуучнаа нураачихаад шинэ төрөө төвхнүүлэх гэж орон гэрээ арай тараачихсангүй. Одоо ч ундуй сундуй нь олон. Улсын Бага Хуралд шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ярилцах үеэс эхлээд л би олон толгойтой төр байхыг зөвшөөрч чадаагүй яваа нэгэн. Эхэндээ ч өөртөө эргэлзэж ахин дахин ном судар эргүүлж эргэцүүлж их бодсон. Одоо бол үзэл бодолдоо улам үнэмшээд л байгаа шүү...” гэж эдүгээгээс 20 гаран жилийн тэртээ сурвалжлагчийн асуултанд хариулж суусан УИХ-ын эрхэм гишүүн Гэндэнсамбуугийн Зуунайгаа эргэж нэг дурсцагаая.

Боржигон нүүдэлчин овгийн Гэндэнсамбуугийн Зуунай 1944 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Талын Аргалантын “Цагаан дугуй”-н тоонотод хүй дарж, учрал, хайр, ухаарал, бясалгал дөрвөөр өөрийгөө жирэмлэсэн атлаа эд мөнх, эзэн хэврэгийн жаягаар жирмийн сүлжээнээсээ цаг бусаар дэндүү эрт тасран одсон хүний хайлан байлаа.

Тэр: Алба горилж, арын хаалга шүтэгчдийн өмнө

        Хөх сэрхийн нуруу шигээ хөшиж нэг, хөндөлсөж нэг

        Цагаан нөмрөгт баатруудынхаа дунд

        Тарлан хайрхан шигээ тарвалзаж нэг, арвалзаж нэг

        Танхил гэргий, алдрай хүүхдийнхээ өмнө

        Тайгам нуур шигээ цалгиж нэг, халгиж нэг 

        Төрсөн тэлсэн ахан дүүсийнхээ дунд

        Талын аргалант шигээ налайж нэг, дүнхийж нэг

        Төрийн ордон, төв талбай хаана л бол хаана 

        Танил бүхэнтэйгээ уулга алдаж нэг, гүйж нэг явсан нь 

        Тун саяхан, тов тодхон байна. 

Өвгөдийн шалгуур өндрөө өндөр

Арван хуруу тэгш аавын хүү гэж нутгийн өвгөд хуучлах нь бий. Чухам л өвгөдийн шалгуураар бол арван хуруу тэгш хүн л УИХ-д багтах учиртай гэнэм. 

Тэгвэл Г.Зуунай УИХ-д багтахаар барахгүй үймүүхэн багтсан хүний нэг ээ. Харин Г.Зуунай өвгөдөө хайрлан, биширч шүлэг бичнэ.

               Хүрэн, хүрэн дээлтэй өвгөд минь

               Хөлгөн их судрууд минь 

               Хүний дээд нь та нар

               Хүслийн дээж нь бид нар

               Танихгүй үсгээр бичигдсэн юм шиг 

               Та нарыгаа би үсэгчлэн ядна

               Тавхан үгэндээ

               Танигдаж гологдоно

               Хүн, хүнд уншигдаж дуусаагүй 

               Хүрэн, хүрэн дээлтэй өвгөд минь...

гэж бичсэнийг нь уншихаар манай нутгийн өвгөд нүдэнд харагдах шиг болно. 

Нээрээ л бид чинь тавхан үгэндээ танигдаж, нутгийн өвгөдөө үсэгчлэн ядаж уншиж чадалгүй мунгинаж яваад тэнгэрийн оронд нь мордуулчихсан нүгэлтэй улс. Араас нь дуудаад асууж чадахгүйгээс хойш амаа барихаас өөр яалтай гэж тэр ярих дуртай.

Тэр багадаа хөөрхөн барилдана, бүхий л спортоор хэнд ч мөчөөгөө өгөхгүй, шүлэг зохиол их уншина бас бичнэ, Анагаахын дээд сургуулийн алдарт АСК-ийн багийн ахлагч гээд жар, далаад оны оюутнуудын дунд од болон гялалзаж явсан. 

   Эмч болоод эмнэлгийн салбарт Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж судалгаа шинжилгээний, удирдан зохион байгуулах ажил эрхэлснийг түүний намтраас харж болох бөгөөд өнөө цагийн хэллэгээр тэр яах аргагүй Эрүүл мэндийн салбарын шилдэг менежер байжээ.

   “Хэлтэй бол хөлтэй” гэсэн хэлц үг олны амны уншлага болсон тэр цагт Г.Зуунай 1979-1982 онд Москва хотод Н.А.Семашкогийн нэрэмжит Нийгмийн эрүүл ахуй ба эрүүл мэндийн зохион байгуулалтын институтэд аспирантурт суралцаж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 1974-1975 онд Парис хотод Сорбонны их сургуульд франц хэл үзэж, 1979-1980 онд Москвад Жуковскийн нэрэмжит академийн англи хэлний хоёр жилийн сургалтаар гадаад хэлний боловсрол олсон юм. 

   Хүний их эмч, шүүх эмнэлгийн эксперт, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч, шатрын спортын дэд мастер гээд тэр өргөн хүрээтэй нэгэн байлаа. Хүн болгонд заяадаггүй өөр нэг авьяас Г.Зуунайд бий. Эмч болсон хэдий ч тэр багаасаа мөрөөдсөн сэтгүүлчийн ажилд бие сэтгэлээ зориулж, хожим Олон улсын сэтгүүлч болтлоо өсөж, хүн судлах хос жигүүртэй эмч-сэтгүүлч байсан нь бахархалтай бөгөөд түүний нэг давуу тал байв.

   Ингээд бодохоор Г.Зуунай биеэ засаад гэрээ засчихсан, төр засалцах дайны өргөн мэдлэг олж боловсорсон, амьдралын арвин туршлага хуримтлуулсан, нийгмийн аж байдлын торгон мэдрэмжтэй, хүнээ, төрөө гэсэн сэтгэлтэй, он жилүүд өнгөрөх тусам улам чамбайрсан хүн. 

   Хүний их эмч, сэтгүүлч Г.Зуунай Говь-Алтай аймгаас 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, улмаар Улсын Бага Хурлын гишүүн, 1992 онд Улсын Их Хурлын анхны бие даасан гишүүнээр сонгогдож, Хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хорооны дарга, “Хүн ам ба хөгжил” парламентын Үндэсний хорооны даргын алба хашиж, Монгол Улсад ардчилсан төрт ёсыг үүсгэн бэхжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг бүтээгчдийн нэг байсан юм. 

Г.Зуунайгийн Сэтгүүлч Т.Баасансүрэнтэй 1994 онд ярилцаж, “Засгийн газрын мэдээ” сонинд хэвлэгдсэн ярилцлагын хэсгээс түүвэрлэн эргэж харъя.

-Та сүүлийн 2 жил Улсын Бага Хуралд сууж олон хууль хэлэлцэж батлахын хамт “Шүүх засаг гэж байхгүй”, “Үзэл бодлоо хэд хуваах вэ?” зэрэг онолын чанартай томоохон өгүүллүүд бичиж хуульчидтай “ном хаялцаж” байгаагийн учир юу вэ?  

-Учирсаад байх юу байх вэҮзэл бодлоо л хэлж байгаа хэрэг. Ардчилсан сонгуулиар тогтоосон төр, засгийн хоёр жилийн туршлага бидэнд олон юм хэлж өглөө. Ойлгож цаашдаа засах нь чухал юм. Одоогоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их, Бага хурал гээд улс орон маань тэнгээ даахгүй, тэнцүүхэн олон толгойтой, хариуцлагаа бүрэн хүлээх чадваргүй, дутагдлыг бие бие рүүгээ түлхсэн байдалтай л байна шүү дээ. Үүн дээрээ гурав дахь “засаглал” гэж хуульчдын маань нэрлэдэг шүүх эрх мэдэл ямархуу байх дүр төрхөө бүрэн олоогүй, эрх дарх нь ч тодгүй, өмнөө байгаа өдий төдий хэргийг шийдвэрлэж чадахгүй сунжруулсаар суугааг бид мэднэ. Бидний мэдэхгүй байгаа зовлон ч тэдэнд байдаг л байх... 

Хэвлэл мэдээллийн зарим хэсэг нь дөрөв дэх засаглал гэж цээжээ дэлдээд учир замбараагүй шуугиулж, хүн ардаа залхааж гүйцлээ. Дээр нь өдий төдий нам гарч дур дураараа хашгичин “үймүүлж” байгааг зөв гэхийн аргагүй. Монголд “нам-изм”-ийн үзэгдэл газар авч байна. Энэ олон толгой, олон “хэл ам”,  олон үзэл бодлын чинь золиос нь ард түмэн болж байна. Сүүлийн үед ард түмэн гэж хэлсэн хүн ч загнуулдаг болсон. Уг нь тэр ард түмэн чинь бид өөрсдөө л юм шүү дээ. 

-Тэгэхээр цаашдаа төрийн ямар тогтолцоо, хууль  ёсыг эрхэмлэж байгаа хэрэг вэ?

-Би төр, засгийн олон толгойтой байхыг буруу гэж үздэг.Төр засаг, нийгмийн аливаа удирдлагын тогтолцоо нь амьд байгалийн үлгэр дуурайл (имитац) байдгийг эмч, биологич, нийгэм судлаачид хэн нь ч андахгүй. Энэ хуулийг зөрчиж бий болсон зэрэмдэг тогтолцоо амьдрах чадваргүй байдаг юм. Иймээс манайд төр нь төмбөгөр, ёс нь ёмбогор, цэгцтэй толгойтой болж нийгэм, хуулийн хүрээнд чин шударгыг тогтоож, дээрээ суудлаа олохгүй бол   улс орон өөдлөхгүй. Төрийн тогтолцоо, хууль цааз нь мэргэжлийн хүмүүсийн хувийн хэрэг биш, иргэн болгонд хамаатай учраас бодож шаналахгүй, ярьж хэлэхгүй байхын аргагүй...

-Намтраас чинь харахад сүүлийн хэдэн жилд улс төртэй сүрхий “ноцолдож” байгаа юм байна. Ингэхлээр эхлээд Монгол улсын төрийн тогтолцооны талаар ярилцах уу? Энэ талаархи таны санал бодлыг сонсмоор байна.  гэхэд тэрбээр:

   - Монгол Улс 1990 оноос хойш хуучнаа нураачихаад шинэ төрөө төвхнүүлэх гэж орон гэрээ ариа л тараачихсангүй. Одоо ч ундуй сундуй нь олон. Улсын Бага Хуралд шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг ярилцах үеэс эхлээд л би олон толгойтой төр байхыг зөвшөөрч чадаагүй яваа нэгэн. Эхэндээ ч өөртөө эргэлзэж ахин дахин ном судар эргүүлж эргэцүүлж их бодсон. Одоо бол үзэл бодолдоо улам үнэмшээд л байаа шүү. 

   -Зах зээлийн харилцааны үед засаглалын тэнцвэрт харилцаа зайлшгүй гэж их ярьдаг. Тиймээс ч шинэ Үндсэн хуульд энэ бүхнийг бодолцон төрийн тогтолцооны өнөөдрийн хэлбэрийг сонгосон. Гэтэл сүүлийн үед төрд ганц л тэргүүн байна. Юун гурав гэж эргэлзэх өнгө аяс цухалзах боллоо. 

   -Үндсэн хуулийн үзэл санаа бол миний ойлгож байгаагаар төрийн байгууламжийн  хувьд нэгдмэл нэг төр засагтай, энэ төр засаг нь засаглал явуулдаг ба засаглалыг хэрэгжүүлэх бүх эрх нь ард түмнийхээ мэдэлд байдаг тийм тогтолцоо юм. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан байгаа. 

Ингээд засаглалаа хэн, хэзээ, яаж хэрэгжүүлэх билээ гээд ирэхээрээ ерөнхийд нь Парламентын засаглалтай улс юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Парламент нь төрийнхөө бодлогыг хариуцаж хууль журмаа тогтоогоод, түүнийхээ хэрэгжилтийг хангаж биелүүлэх, зохион байгуулах, хяналт тавих ажлаа өөрсдийнхөө байгуулж итгэл хүлээлгэсэн Ерөнхий сайд, сайд нарыг ажилд томилсон Засгийн газраараа хийлгүүлье. Харин нөгөө хууль тогтоомжийг зөрчөөд биелүүлэхгүй байгаа этгээдүүдийг цээрлүүлж ял зэмлэл оноохдоо бол энэ хоёроор биш шүүхээр биеийг нь даалган хийлгэж байя гэж тогтоосон хэрэг. Тэгээд энэ гурвыгаа засаглалын гурван өндөрлөг гэж зарим маань жаахан сүр оруулж ярьдаг болоод байгаа хэрэг шүүд ээ. Тэрнээс биш ганц жижигхэн Монгол улсад гурван засаг, тэр тусмаа гурван засаглал үнэндээ байхгүй юм. 

-Ингэхлээр Үндсэн хууль хуучирч эхэлж байгаа гэж ойлгож болох уу? Ер нь шинэ Үндсэн хуульд нэмэлт болгож оруулбал зохилтой зүйлс хуримтлагдаж эхэлж байгаа юм биш биз? 

-Үндсэн хуулийг хүндэтгэж, байнга биелүүлэх хэрэгтэй юм гэж би боддогГэхдээ болохгүй байгаа юмыг нь цаг алдалгүй өөрчлөх учиртай. Улиг болгож болохгүй зүйл гэж бас байна. Үндсэн хуульд болохгүйбүтэхгүй олон юм биднийг харсаар ярьсаар байтал л орчихсон шүү дээ.

Тухайлбал төрийн тогтолцоог буруу болсон гэж би дээр хэлсэн. Үүн дээр цөөн биш зүйл нэмж болно. Монгол Улсад Улаанбаатараас өөр хот тосгон байж болохгүй юм шиг заалт оруулж, аймгийн төвүүд сум нэртэй болсныг зөв гэхэд хэцүү дээ. Ерөнхийлөгчийг хэн бэ гэж хэлэхэд хэцүү, эрх мэдэл нь дэндүү алаг цоог болсон. Сонгуульд нэр дэвшүүлэх арга нь ч ардчилалгүйҮндсэн хуулийн цэцийг ажил ч үгүй, амьдрал ч үгүй тал руу нь хэлбийлгэсэнМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллагатай уялдуулж чадсан эсэхэд байнга эргэлздэгээ хэлэх минь ч илүүдэхгүй л байх. Энэ тухай дэлгэрэнгүй яривал их цаг, цаас, бас их энерги”, “нерв хэрэгтэй болноҮндсэн хууль боловсронгуй болж зүгширч, сайжирч байх л учиртай.

-Та Улсын Их Хурал дахь цорын ганц бие даасан гишүүн.  Монгол Улсын түүхэнд энэ нь анх удаа гарсан тохиолдол. Цаашид тухайлбал 1996 оны сонгуулиар өөрийн чинь “дүү нар” ар араасаа төрөх болов уу гэж найдаж байна.  Бие даасан депутатын тухай, ерөөсөө энэ ойлголтыг тодруулж ярилцах хүсэлтэй байна.

-УИХ-д бие даасан гишүүн сонгогдсон нь тохиолдлын хэрэг байж болох авч ер нь тохиолдлын үзэгдэл юмс гэж ертөнцөд байдаггүй. Заавал тодорхой учир шалтгаантай баймааж нь цаг үедээ гарч ирдэг жамтай шүү дээ. Үндсэн хуульдаа иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилготой улс оронд энэ үзэгдэлд их ирээдүй байгаа байх ааНамуудын амбийц хөдлөөд ирэхээрээ нэг хэсэгтээ боож хааж магадгүй, боож хаах тусам нөгөөдөх нь цогшиж эсэргүүцдэг нь ч хууль. Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна гэгчээр сэтгэл нь ханаагүй намын лидерүүд”-ийн өрцний цаана нэг юм томбойгоод л байгаа шүү дээТэр нь бэтэг болдог юм уу, цэцэг болдог юм уу бүү мэд. Нөгөө харвасан сум шиг цаг хугацаа, харанхуй ард түмэн хоёр нь л мэдэж дээ, хөөрхий.

  


Зургийн тайлбар

Зүүн гар талаас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Зуунай нар Алтайн цаадах говь Аж Богдын нуруунд Хилийн хорооны дарга Я.Пүрэвдорж, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч н.Цэдэнсодном, Монголын үндэсний телевизийн зураглаач Л.Умбаням нарын хамт. 1991 оны 2-р сар

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл