Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2022.06.03) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хатагтай Аксель Никейзийг Элчин сайдын үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд Монгол Улс “гуравдагч хөрш” Европын Холбоо, Холбооны гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, Европын Холбоо манай улсад Төлөөлөгчийн газраа нээсэн нь хоёр талын харилцаанд томоохон түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Европын Холбоо, Холбооны гишүүн орнууд Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийг тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэнд талархалтай байдгийг дурдав.
Элчин сайд хатагтай Аксель Никейзи Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Элчин сайдаар анх удаа томилогдож, энэхүү хариуцлагатай дипломат албыг Монгол Улсад хашихаар болсонд маш их баяртай байна гэв. Тэрбээр, нэн тэргүүнд худалдаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байна. Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 14 дүгээр уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотноо болох үеэр талууд хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар санал солилцсон. Энэ хүрээнд Европын Холбооны зүгээс байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Талууд Монгол Улс, Европын Холбоо хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдал, Европын Холбооны 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэл зэрэг асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.