Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.05.31/ хуралдаан 10.08 цаг эхэлж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хот суурины ариутгах татуурга, ус хангамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгууллаа.


Үргэлжлүүлэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг найруулгын засвар хийх санал хэлсэн бөгөөд уг саналыг хүлээн авч тусгах нь зүйтэй гэж үзэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хийлээ.


Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43.4 дэх хэсгүүдийг үндэслэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган Далай ашиглах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хувилбарыг боловсруулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг аваагүй хөлөг онгоцыг алсын зайнаас хянах зохицуулалтын талаар нэмэлт саналын томьёолол бэлтгэн ажиллалаа гэлээ. Хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өөрчлөн найруулах саналын томьёолол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуусан. Тэрбээр, Сингапурт хөлөг онгоцны бүртгэл явуулах нэг компани байгуулсан юм байна. Тэр компаниасаа хураамж авдаг. Гэхдээ компанийн орлого тодорхойгүй. Цаад талдаа асар их хэмжээний орлого орж ирдэг гэсэн мэдээлэл байна.  Гэтэл олдог орлогоо нуухын тулд компаниа татан буулгах гэж байна гэсэн мэдээлэл бас ирээд байна. Компаниас ямар хэмжээний орлого орж ирсэн юм, тэр компаниа татан буулгах болсон үндэслэлийг мэдмээр байна хэмээсэн.


Зам тээврийн хөгжлийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Манай улс хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах туршлага байхгүй байсан болохоор анх 2003 онд Сингапурт хамтарсан компани байгуулсан байдаг. Энэ компани сүүлийн хэдэн жилийн хувьд 1-1.2 сая ам.долларын орлого олдог байсан. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ компанийн асуудлыг авч хэлэлцээд татан буулгахаар шийдвэрлэсэн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын нэгнээс үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон. Одоо татан буулгах ажиллагаа нь Сингапурын хуулиар дуусгавар болж байгаа.

2021 оны 03 дугаар сарын нэгнээс хойш хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг Монгол Улсын Далайн захиргаа эрхлэн явуулдаг болсон. Үүнээс хойш жилд ойролцоогоор хоёр тэрбум төгрөг олж байгаа. Өмнө нь хамтарсан компани бүртгэл хийдэг байхад ийм хэмжээний орлого олдог ч тэнд ажиллаж байсан 4-5 хүний  цалин хангамж, бусад зүйл зарцуулагдаад 600-700 мянган ам.доллар тэндээ үлддэг байсан бол одоо Далайн захиргаан дээр бүртгэл хийгдсэнээр хоёр тэрбум төгрөг тэр чигээрээ монголдоо орж ирдэг болсон гэсэн хариултыг өгсөн.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Ажлын хэсэг төслийн 34 дүгээр зүйлийг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоох харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны журмын далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” хэмээн өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өөрчлөн найруулах саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.


УИХ Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Эрдэнэсийн сангийн тухай анхдагч хуулийг хүчингүй болгох шаардлагатай юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн баталж болно.” гэж заасны дагуу Эрдэнэсийн сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг танилцуулж байна хэмээн Байнгын хорооны дарга С.Ганбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны дарга хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Мөн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцуулга хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагад нийцүүлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэгийг жигдэлж, хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон холбогдох яам, байгууллагаас ирүүлсэн саналыг төсөлд тусгасан гэлээ.  


Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 44 саналын томьёолол, 3 багц найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 10 саналын томьёоллыг хэлэлцэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Ажлын хэсэг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зохицуулалтыг нэмж тусгасан байна.Үүнд:    

 -Төслийн зарим нэр томьёог Үнэлгээний олон улсын стандартын хорооноос баталсан стандартад нийцүүлэн шинэчлэн боловруулж, хөрөнгийн үнэлгээний хуулийн этгээд гэж тусгай зөвшөөрөл авсан компани байхаар;

-Нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, баталсан журам, аргачлалын дагуу үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх;

 -Хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй хийгдсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд үйлчлүүлэгч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх;

-Захиалагч, гуравдагч этгээд хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах, тайлбар, мэдээлэл авах, мэргэжлийн байгууллагад гомдол гаргах;

-Үнэлгээчин мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах бөгөөд үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдээс хөрөнгийн үнэлгээ хийх гэрээнд заасан төлбөрөөс гадна бэлэг, хандив авахыг хориглох;

-Үнэлгээчин нь үйлчлүүлэгч, захиалагч болон түүний эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий бүхий хувьцаа эзэмшигчтэй, эсхүл үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийсэн этгээдтэй ойрын төрөл садан биш байх;

 -Мэргэжлийн байгууллага шалгалтад тэнцсэн иргэнд үнэлгээчний эрхийг гурван  жилийн хугацаатай олгож, гурван жилээр сунгах бөгөөд эрхийг сунгаснаас хойш хуульд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд үнэлгээчний эрхийг хугацаагүй олгоно.

-Зөвшөөрөл хүсэгч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд хүргүүлж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгох;

-Зөвшөөрлийг хүсэгчийн бүрдүүлэх баримт бичигт “мэдээллийн технологи, аюулгүй байдлын дотоод журам”, үнэлгээний тусгай зөвшөөрлийг сунгахдаа “үнэлгээнд чанарын хяналт шалгалт хийсэн дүгнэлт”-ийг хавсаргахаар нэмж тусгалаа.

 -Мэргэжлийн байгууллага нь үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй, мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлыг хангах, үнэлгээчинд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар тодорхойлж, мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулсан.

нэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

-Төсөлд шилжилтийн үеийн зохицуулалт буюу энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн үнэлгээчний эрхээ сунгуулах, шинэчлэх тухай хүсэлт гаргах зэрэг зохицуулалтыг төсөлд нэмж тусгалаа.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, энэ хуулийн төслийг Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлсэн үү хэмээн асуусан. Тэрбээр, хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрлийг хэрхэн олгох, үнэлгээний чанарыг олон улсын стандарттай нийцүүлэх асуудлыг хуульд хэрхэн тусгах талаар тодруулсан.

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Болормаа, Өргөн барьсан хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгохоор тусгасан. Харин хөрөнгийн үнэлгээний эрхийг хувь хүнд олгоно. Хөрөнгийн үнэлгээг иргэнээс гадна хуулийн этгээд гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгасан. Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар дахин сунгана гэсэн Зөвшөөрлийн тухай хуультай нийцэж байгаа. Шинэ хуулийн төслөөр иргэнд үнэлгээний эрх олгох бөгөөд үүнийг нийтийн эрх зүйн мэргэжлийн байгууллага олгоно. Тусгай зөвшөөрлийг Сангийн яам олгох юм. Үнэлгээг үнэлгээний олон улсын стандартын дагуу хийнэ. Ингэхдээ үнэлгээний олон улсын байгууллага буюу Монгол Улс гишүүнчлэлд нь элссэн байгууллагаас баталсан стандартыг мөрдөнө гэж төсөлд тусгасан байгаа. Хуулийн этгээдийн хариуцлагын тогтолцоог чангатгаж үнэлгээнд нэгдмэл арга, аргачлалыг хэрэглэхээр тусгасан. Тодруулбал, барьцааны хөрөнгийг банкууд өөр өөрийн дотоодын аргачлал хэрэглэн үнэлдэг байсан бол шинэ хуулийн төсөлд Сангийн яам болон холбогдох бусад этгээдүүдтэй хамтран баталсан журмын дагуу олон улсын стандартад нийцсэн нэгдмэл арга аргачлалаар үнэлгээг гүйцэтгэнэ гэсэн хариулт өгсөн.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Тэрбээр, Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдан авч байна.

Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм.

Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 97 хувь гаднаас авч байна.

Ганцхан жишээ дурдахад л олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.


Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо.  

Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляци 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна.

Хүнс, шатахууны үнэ инфляцын 50 хувийг бүрдүүлж байна.  Хүнсний үнэ 4 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар өссөн байна. Жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өсжээ. Импортын тахианы мах 39 хувиар өслөө.

Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь манайх шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байна.

Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч манай улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна.

Ийм нөхцөл байдал үүсээд байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж Улсын Их Хуралд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлсэн.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, хамтран хэрэгжүүлэх байгууллагыг тусгаж, нийт санхүүжилтийг улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж болон бусад санхүүжилтийн эх үүсвэр, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар бид ирэх 5 жилд гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж,  цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэний тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлж Хүнсний хувьсгал хийх болно хэмээсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл