Цэс

Холбоо барих

ХЗБХ: ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.31) хуралдаан 11 цаг 37 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Үүнд,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

5.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудал.


Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нар горимын санал гаргаж, байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас 2, 3, 4 дэх асуудлыг хасах тухай горимын санал гаргав. Тэрбээр тайлбарлахдаа, Монгол Ардын нам дэргэдээ Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн байгуулж байгаа ба тус хүрээлэнгээс гаргасан дүгнэлт, зөвлөмжийг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг дээр ярилцаж, хамтран ажиллах зохион байгуулалтын асуудал байгаа тул тав хоногийн завсарлага авах саналтай байна гэв.


Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар дээрх хуулийн төслүүдийг буцаан татах тухай горимын санал гаргаж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах гэж буйг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах горимын санал гаргав. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Нийгэм, улс төрийн намууд болоод сөрөг хүчний зүгээс шүүмж, шаардлага ихээр ирүүлж байгаа тул Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдээс гарсан саналтай холбогдуулан тайлбар хийв. Тэрбээр хэлэхдээ, Х.Нямбаатар сайдын мэдэгдснээр хуулийн төслийг ингээд татан авах хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хууль санаачлагчаас Улсын Их Хурлын даргад албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн төслийг буцаах тухай горимын саналаар санал хураалт явуулах боломжгүй. Учир нь хуралдааны дэгийн тухай хуулиар хэлэлцэх эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тохиолдолд хууль санаачлагчид нь буцаадаг. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын гаргасан горимын саналаар тав хоногийн завсарлага өгч байна гээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.


Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт төслийг бэлтгэлээ гэв.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй ба Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар техникийн чанартай өөрчлөлт оруулах тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжигдлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигч Я.Цэлмэн, С.Дэндэв нарыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Д/д

Мэдээлэл

1

Ядамжавын Цэлмэн

2

·      2021.12.10 ДХИС-ийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар Хууль зүйн ухааны доктор

·      2016-2018 онд Дотоод Хэргийн Их Сургууль, Хууль сахиулах удирдлагын академи Магистр

·      2006 онд Цагдаагийн академи эрх зүйч

3

·      2012 оноос Дотоод Хэргийн Их Сургуулийн Цагдаагийн Сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессор

·      2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах 2 дугаар тасагт Мөрдөн байцаагч

·      2008 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч

·      2008 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч

Д/д

Мэдээлэл

1

Сангишаравын Дондов

2

·      1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/

·      АНУ-ын Сандиего хотын Institute for Peace and Justice -ийн Хүний эрхийн зөрчилтэй асуудалд дүн шинжилгээ хийх сургалт, Тайландын Бангкок хотын Chulalongkorn University-д хүний эрхийн ээлжит сургалтуудад 2004, 2007, 2018, хамрагдан хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлсэн.

·  2009, 2014 онуудад Норвегийн Осло болон Өмнөд Солонгосын Сөүл хотуудад Хүний эрхийн  асуудлаар зохион байгуулагддаг ээлжит сургалтуудад Форум Азийн дэмжлэгээр оролцож, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлсэн. 

3

·      1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч

·      1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга

·      1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч

·   2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч

·      2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, С.Дондовтой хийсэн сонсголын тайланг уншиж танилцууллаа.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад 76.9 хувийн саналаар тус тус дэмжигдэв. Гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл