Цэс

Холбоо барих

ҮББХ: “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.31)  хуралдаан 14 цаг 29 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Тэрбээр, Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллароор хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор худалдан авч байна.

Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, хүнсний давсны 97 хувь гаднаас авч байна.

НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орж болзошгүй гэсэн дүн гарч, улс орнууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудалд онцгой анхаарч байна. Ялангуяа хүнсний гол экспортлогч улс болох ОХУ, БНХАУ, БНКазУ, Украин зэрэг олон улс хүнсний экспортод хязгаарлалт тавьж, хориглох арга хэмжээ авч эхэллээ. Дэлхий нийтээр хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, хүнсний хомстол нүүрлэж болзошгүй байдал үүсэх эрсдэл өндөр байна. Түүхий газрын тосны үнэ сүүлийн саруудад 64 хувиар өслөө. Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар өсөж, түүн дотроо үр тарианы үнэ 53.6 хувийн өсөлттэй байна.  

Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна.

Хүнс, шатахууны үнэ инфляцын 50 хувийг бүрдүүлж байна. Хүнсний үнэ 4 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар өссөн байна. Жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өсжээ. Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь манайх шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байна. Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч манай улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна.

Ийм нөхцөл байдал үүсээд байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж Улсын Их Хуралд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлсэн гэлээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 4 бүлэг, 51 заалттай. Уг тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн 131 зүйл, заалттай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан байна.

Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар бид ирэх 5 жилд гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж,  цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэний тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Туваан нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор төрөөс бодлогын баримт бичгийг хангалттай гаргадаг ч хэрэгжихгүй байна. Тогтоолын төсөлд мал аж ахуйн салбарыг фермерийн зохион байгуулалттай болгож хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын дэмжлэг үзүүлэх талаар зохицуулалт туссан эсэхийг тодруулав.

“Малчин, тариаланчидтай уулзахад гурван зүйлийг л хэлдэг. Нэгдүгээрт, эрх зүйн орчинг тодорхой болгох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зарим татварын хөнгөлөлтийг үзүүлэхийг хүсэж байна. Хоёрдугаарт, санхүүжилтийн асуудал байна. 1.7 их наяд төгрөгийг бид нар жил жилээр хэр их гаргахыг нь тавьсан. Энэ бол эхний ээлжийн гарах мөнгө. Зарим мөнгөний эх үүсвэрээр зээлийн хүүгийн зөрүү өгөхөөр тооцсон. Засгийн газраас зарим дээр нь баталгаа болон бонд гаргах шаардлага үүснэ. Мөн арилжааны банкууд дээр байгаа чөлөөт мөнгөн үлдэгдлийг татан ашиглах зүйл ч гарна. Тийм учраас олон зүйлийг нарийвчлан тооцож, төлөвлөгөө гаргасан. Жишээлбэл, хүлэмжүүдийг 270 га-д зуны хүлэмж, 50 га-д дөрвөн улирлын хүлэмж барих зайлшгүй шаардлагатай байна. 55 мянган тонн зоорь агуулах барих зайлшгүй шаардлага гарч ирж байна. 50 мянган сүүний чиглэлийн үхэр, 50 мянган махны чиглэлийн үхэртэй болж байж суурин газрынхаа иргэдийн мах, сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа. Энэ бүх асуудлыг тогтоолын төсөл нарийн тусгасан” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулав.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хөдөө аж ахуйн инженер, механикжуулагч, агрономич, малын эмч, мал зүйчид зэрэг нарийн мэргэжлийн ажилтнуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан бэлтгэх асуудлыг тодорхой тусгах ёстойг сануулав. Мөн хатаах технологийн үйлдвэрүүдийг барих, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр анхаарах хэрэгтэйг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Ц.Туваан нар хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг төрөөс бодлогоор хэрхэн зохицуулах талаар, шилмэл үүлдэр, омгоор бэлчээрийн мал аж ахуйг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн даацын асуудал, өсгөвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар төлөвлөгөөнд тусгасан эсэх, тоног төхөөрөмж, механикжуулалтыг сайжруулах, санхүүгийн дэмжлэг болон төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх бодлогоо эрэмбэлэх талаар асуулт асууж, хариулт авлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал  зарчмын зөрүүтэй хоёр санал гаргалаа. Тодруулбал, төслийн гурав дахь заалтын хоёр дахь дэд зорилт дээр “эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд механикжуулалт буюу жижиг оврын тоног төхөөрөмжөөр хангах, ажлын эд ангиудыг үйлдвэрлэж хангах арга хэмжээг авч, бүтээмж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” гэсэн заалт нэмэх, мөн “хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд захиалгат судалгаа, туршилтын ажлыг хийлгэх, хөрөнгийн асуудлыг нэмэгдүүлэх” гэсэн заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ц.Энхтүвшин нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооноос Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх болон сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад өгөх Байнгын болон дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгээс боловсруулсан шийдвэрийн төслийг ирэх сарын Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Туваан гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган “Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл