Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг томиллоо


    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.06.02) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

    Үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, С.Ганбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 55 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтыг “үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг;”, “үнэ цэнийн суурь” гэж үнэлгээний зорилго, зориулалтад нийцүүлэн сонгож, үнэ цэнийг тооцоолон гаргахад ашиглах урьдчилсан нөхцөлийг;” гэж өөрчлөн найруулж, мөн зүйлд “үнэлгээний олон улсын стандарт” гэж Үнэлгээний олон улсын стандартын хорооноос гаргасан стандартыг;”, “үнэлгээний өдөр” гэж хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон өдрийг;” гэсэн 3.1.7, 3.1.8 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжив.

    Мөн төслийн 11 дүгээр зүйлд “хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлага, стандартад нийцээгүй нь тогтоогдсон тохиолдолд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх;” гэсэн 10.1.4 дэх заалт нэмж, мөн зүйлийн 11.2.3 дахь заалтыг “хөрөнгийн үнэлгээ хийхэд дарамт шахалт үзүүлэхгүй, хөндлөнгөөс оролцохгүй, саад учруулахгүй байх;”, “үнэлгээний найдвартай байдалд нөлөөлөхүйц мэдээллийг нуун дарагдуулахгүй байх;” хэмээн 10.2.3, 10.2.4 гэж тус тус өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжлээ.

    Түүнчлэн  төслийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг хасах, мөн зүйлд “үнэлгээчний мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;” гэсэн 12.1.9 дэх заалтыг нэмэх, төслийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5 дахь заалтыг хасаж, мөн зүйлд “хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;” гэсэн 21.1.3 дахь заалт нэмэхээр болов.  


   Мөн төслийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн “нөхөрлөлийн” гэснийг “хуулийн этгээдийн” гэж, мөн заалтын “үйлчилгээний” гэснийг “хөрөнгийн үнэлгээ хийх” гэж тус тус өөрчилж, мөн зүйлд “Энэ хуулийн 17.4-т заасныг зөрчсөн үнэлгээний хуулийн этгээдийг." гэсэн 19.1.2 дахь заалт нэмэх, төслийн 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтын “шинжээчийн дүгнэлтээр” гэснийг “шүүхийн шийдвэрээр" гэж өөрчилж, мөн зүйлд үнэлгээний хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг гүйцэтгэхэд ажлын байр, баримт бичиг, бусад шаардлагатай мэдээлэл гаргаж өгөөгүй, үзүүлэхээс зайлсхийсэн.” гэсэн 20.1.7 дахь заалт болон төслийн 30 дугаар зүйлд “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн 27.2 дахь хэсгийг тус тус нэмэх Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд нь оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

     Ажлын хэсгээс гаргасан доорх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул төсөлд “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн үнэлгээчний эрхээ сунгуулах, шинэчлэх тухай хүсэлт гаргана.” гэсэн агуулгатай “Шилжилтийн үеийн зохицуулалт” буюу 28 дугаар зүйл, мөн “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 29 дүгээр зүйлийг нэмэхээр боллоо.

    Ингээд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

     Төсвийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан.  

     Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг тодотгоод Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 7 санал, найруулгын шинжтэй 1 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Сүүлийн үед эмийн чанартай холбоотой асуудлыг судлахаар Тендерийн хуультай холбогдож байгааг дурдаад чанар муутай эмийн шалтгаан нь Тендерийн хуулийн "Үндэсний бүтээгдэхүүн буюу худалдан авах юм бол давуу тал болно" гэсэн агуулгатай заалтыг ашигладагтай холбоотойг онцлов. Цаашдаа эм, эмнэлгийн бүтээгдэхүүн дээр үндэсний үйлдвэрлэлийг давуу болгоно гэсэн тэрхүү хуулийн заалтыг үйлчлэхгүй байхаар зохицуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэнд, боловсролын салбарын орон нутагт явуулж буй тендер шалгаруулалтын явцад нь хяналт тавих шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үед тендер шалгаруулах үйл явцад янз бүрийн асуудал үүсгэж байгаа албан тушаалтнуудын үйлдэлд онцгойлон анхаарч зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хуулийн төсөлд эх оронч худалдан авалтыг дэмжсэн зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.


    Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 7 санал, найруулгын шинжтэй 1 саналаар санал хураалтыг үргэлжлүүлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 34,1 дүгээр зүйл, мөн зүйлийн 7 дахь заалт буюу 31.1.4 дэх заалтыг болон 2 дугаар зүйлийн “46.1.5 дахь заалтын “7.6” гэсний дараа “, 341 .1” гэж,” гэснийг тус тус хасах, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 3.13 дахь хэсгийг хасах, төслийн 2 дугаар зүйлийн “46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалтын “худалдан” гэсний өмнө “энэ хуулийн 8.14-т зааснаас бусад тохиолдолд” гэж” гэснийг хасах, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалт буюу 43.6 дахь хэсгийг хасах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг томилов

    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны асуудлыг хэлэлцэв.

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална.” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Сонгон шалгаруулалтыг шударга, нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид явуулах зорилгоор сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны ажлын алба, Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн форум, хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулан байгуулсныг дурдаад Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад гурван оролцогч, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад зургаан оролцогч буюу нийт есөн оролцогч материалаа ирүүлсэн бөгөөд хууль болон журмын шаардлага хангаж байгаа таван оролцогчийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулсан гэв.

    Мөн Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан тодорхой үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт "Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна." гэж заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд Сангишаравын Дондовыг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулна.” гэж заасныг үндэслэн Ядамжавын Цэлмэнг Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан болно. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан гэж байлаа.


     Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Ядамжавын Цэлмэнгээс урьд нь эрхэлж байсан мөрдөн байцаагчийн ажил нь уг албан тушаалд ажиллахад нөлөөлөх эсэх, одоогийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил ямар түвшинд байгаа талаар болон цаашид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлын талаар асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хуулийн байгууллага бөгөөд томилогдвол хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний алба нь өндөр хариуцлагатай алба бөгөөд хүний эрхийг хамгаалах тогтолцоонд шинэчлэл хийж ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нээлттэй сонгон шалгаруулалтаар албан тушаалтнуудыг томилж байгаа нь сайн жишиг бөгөөд гадаадад байгаа эрх нь зөрчигдсөн монголчуудын төлөө санаачлагатай ажиллах, эрүүдэн шүүх явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар санал хэлсэн гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулгадаа дурдсан.

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Сангишаравын Дондовыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Ядамжавын Цэлмэнг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэнийг Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа тодотгов.

  Нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын хувьд эрүүдэн шүүх асуудалд онцгой анхаарах цаг болсныг онцолсон. Мөн нэр дэвшигч Я.Цэлмэнд хандан цагдаагийн байгууллагад олон жил ажилласан мөрдөн байцаагч хүн энэхүү албан тушаалд томилогдохоор болж байгаа тул цол үйлчлэхгүйг санаж, ард түмний өмнөөс томилогдон ажиллаж байгаагаа ойлгож, хууль хүчний байгууллагад хяналт тавих ажилд зоримог, шударга ажиллахыг захиж байлаа.



    Ингээд Сангишаравын Дондовыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Ядамжавын Цэлмэнг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53,5 хувь нь дэмжсэн тул нэр дэвшигчдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталснаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл