Анхны парламентын түүх
Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар иргэн бүр төрийн үйл хэрэгт оролцох эрх хангагдаж, ардчилсан нийгэмд шилжсэн билээ. Түүнээс хойших 30 жилийн хугацаанд 8 удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, улстөрийн эрх чөлөөгөө эдэлж ирлээ. Энэ бол иргэний онцгой эрх бөгөөд иргэний оролцоог дээдэлсэн ардчилсан Монгол Улсын үнэт зүйл юм.
Эдүгээгээс яг 30 жилийн өмнө буюу зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын сонгууль болж байв. Хүний амьдралаар бодоход 1992 оноос нэгэн шинэ үе төрөн гарч, шинэ нийгмийн тогтолцоонд ажиллаж, амьдарч явна.
Өнгөрсөн 30 жилд Монгол орны хөгжил, дэвшилд алдаа, оноо аль аль нь байсан. Парламентын засаглал бол Монгол Улсын хувьд хамгийн зөв сонголт байсан гэдгийг цаг хугацаа улирах тутам харуулж байна. Хамгийн гол нь энэхүү засаглалаа зөв зохион байгуулах, шударга ёс, хариуцлагыг сахиж, үнэт зүйлээ дээдлэхэд бид алдаж, онож яваа. Өнөөдөр энэ алдаа бүхнээ ухаарч, засч залруулахаар эрх зүй, эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж, улмаар сонгуулийн тогтолцоогоо эргэн харахаар улстөрийн намууд нэгдэж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Үндсэн хуулиа ягштал баримтлан 8 удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, парламентын хөгжлийн 30 жилийн түүх үргэлжилж байна.
Цаг хугацаа бүхэн өөрийн үнэ цэнэтэй учраас тэртээх 30 жилийн өмнөх УИХ-ын сонгуулийн талаар эргэн дурсах нь зүйтэй юм.
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнгээр бид бүх ард түмний ардчилсан сонгуулийг зохион байгуулсан. Монгол Улсын 430 тойргоос 403 депутат сонгогдож, байнгын ажиллагаатай Улсын бага хурал, байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал байгуулагдсан. Энэхүү хоёр танхимтай хууль тогтоох байгууллага шинэ Үндсэн хуулийг бүтэн гурван сар хэлэлцэн 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат монгол төрийн хасбуу тамгыг дарж, Үндсэн хуулиа баталгаажуулсан түүхэн агшин тод үлджээ.
Шинэ Үндсэн хууль батлагдсанаас 5 сарын дараа УИХ-ын анхны сонгууль болсон он цаг, үйл явдлын дараалалтай билээ.
1992 оны сонгуульд улстөрийн намууд шинэхэн, өрсөлдөөн бага, улстөрчид туршлагагүй, сонгогчдын мэдлэг нимгэн байсан. Гэхдээ шинэ нийгэм, эрх чөлөөт ирээдүйг төсөөлсөн ард түмэн сонгуульдаа маш идэвхтэй оролцож байжээ. Монгол Улсын сонгуулийн насны 1,085,129 сонгогчоос 1,037,392 иргэн саналаа өгсөн байна. Энэ нь сонгогчдын 95,5 хувь нь саналаа өгсөн нь УИХ-ын сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр ирцэд тооцогдож байгаа юм.
Үүнээс харахад монголчууд ардчилсан нийгмийн тогтолцоо буюу ирж буй шинэ цагийг дэмжиж, талархан хүлээсэн нь харагдаж байна.
Монгол Улсын Бага Хурлын тогтоолоор энэ сонгуулийн зардлын хэмжээг 21 сая төгрөгөөр баталжээ.
Сонгуулийн 26 тойрогт найман нам, хоёр эвсэл, бие даагч нийт 293 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Мөн ардчиллын эхлэл болох тухайн цаг үед 18 бие даагч өрсөлдсөн нь монголчууд өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэмжилж байсны бас нэгэн илрэл юм.
МАХН (одоогийн МАН) нийт 51.7хувийн саналаар УИХ-д 70 суудал авч үнэмлэхүй олонх болжээ. Энэ нь улстөрийн ууган хүчин МАН шинэ нийгэм цаг үед ард түмнээ туршлагаараа залж явна гэдэгт итгэсэн сонголт байв. Мөн сонгогчид нэр дэвшигчдийг багаар нь сонгох хандлага давамгайлсан байна.
Түүнээс гадна МоАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн дөрөв, МСДН-аас нэр дэвшсэн нэг, бие даан нэр дэвшигчдээс нэг хүн УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
Сонгогдсон гишүүдийн 58 буюу 76,1 хувь нь 50-иас дээш хувийн санал авсан байна.
Нийгмийн бүрэлдэхүүний хувьд 75 буюу 98,7 хувь нь сэхээтэн, 1 буюу 1,3 хувь нь малчин, 3 буюу 3,9 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Тухайн үед Завхан аймгийн харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, малчин Ц.Намхайнямбуу сонгогдсон нь бас нэгэн сонирхолтой дүр төрх байв. Тэрбээр анхны хууль тогтоох байгууллагад ажиллахдаа монгол малчин хүний ухааны цараа, амьдралын ухааныг харуулж чадсан хэмээн үнэлэгддэг билээ.
Анхны парламентад Т.Ганди, Д.Мөнхөө, Ж.Бямбажав нарын гурван эмэгтэй сонгогдсон байна. Т.Ганди хожим Монгол Улсын төрийн сайдаар хоёронтоо сонгогдсон эмэгтэй улстөрчдийн тод төлөөлөл юм.
Д.Мөнхөө бол Улсын Бага Хурлаас эхлээд ардчилсан төрийг байгуулахад хүчин зүтгэж ирсэн улстөр, нийгмийн зүтгэлтэн билээ.
Харин Ж.Бямбажав прокурор хожим Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, цэцийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан байна. Тэрбээр Үндсэн хуулийг сахин хамгаалах, чандлан сахиулах, Үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэх үйл хэрэгт мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан шилдэг хуульч гэгдэж байв.
2020-2024 оны парламентын 33-40 насны зургаан гишүүн хамгийн залууд тооцогдож байгаа. Харин 1992-1996 оны гишүүдийн 11 нь 25-35 насных байжээ. Анхны парламент эдүгээтэй харьцуулахад парламентын гишүүд нь харьцангуй залуу байв. Мөн 37 гишүүн нь 36-45, 28 нь 46-гаас дээш насныхан байжээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар