Цэс

Холбоо барих

ТБХ: Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.13/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлын зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. 

    Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. 

    Сүүлийн жилүүдэд дэлхийн улс, орнууд  татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах  чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байгааг сайд танилцуулгадаа дурдаад 2009 оны дэлхийн  санхүүгийн хямралаас үүдэлтэй их долоогийн санаачилгаар  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS” гэх олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх үйл явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрэм, журмыг боловсруулж, танилцуулсанд одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн орсон байна гэж байлаа. 



    Мөн Монгол Улсын хувьд Европын холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас 2008 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг хүлээсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сард “ВЕРS”-д 111 дэх гишүүнээр нэгдэн орж, холбогдох стандартуудыг 2019 оны татварын хуулийн шинэчлэлд тусган хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэхүү жагсаалтаас гарсан билээ. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёрт талт давхар татварын гэрээнүүдийг “ВЕРS”-ийн 6 болон 14 дүгээр стандартад нийцүүлэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийн стандартуудыг нэг мөр нийцүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох нь зүйтэй байна гэв. 

    Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотой давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон  өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж  бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

    Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

    Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76.3-т “чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний тухайд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ” гэсний дагуу уг асуудлыг хэлэлцэж буйг мэдэгдсэн. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс конвенцод нэгдсэн орсноор Монгол Улсад үзүүлэх эерэг нөлөө, ач холбогдлыг илүүтэй тодруулахын зэрэгцээ давхар татварын хөнгөлөлт эдэлсэн аж ахуй нэгжийн талаар лавлав. 



    Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултдаа, 1991-2003 оны хооронд Монгол Улс бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёрт талт давхар татварын гэрээнүүд байдаг. Үүнээс хойш дотоодын хууль тогтоомж болон олон улсын татварын дүрэм, журмууд олон удаа шинэчлэгдсэн байдаг. Дээрх хугацаанд байгуулагдсан эдгээр 26 гэрээг олон улсын татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг дүрэмд нийцүүлж байгаагаараа гол давуу талтай гэдгийг дурдав. Мөн тэрбээр, Монгол Улсын хувьд Европын холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтаас гарахдаа тодорхой үүрэг, амлалтыг хүлээсэн. Эдгээр үүрэг, амлалтын эцсийн  хэрэгжилт нь уг конвенцод нэгдэн орох явдал юм. Уг конвенц нь татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг зохицуулахгүй, Монгол Улсын давхар татварын 26 улстай байгуулсан гэрээний дагуу гэрээг урвуулан ашиглах, татвараас зайлсхийх эрсдэлээс хамгаалах олон улсын дүрмийг нэвтрүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын  26 улстай байгуулсан давхар татварын гэрээгээр 2021 онд нийт 2907 аж ахуйн нэгж 312 тэрбум төгрөгийн давхар татварын гэрээний хөнгөлөлтийг эдэлсэн хэмээн хариулав.  

    “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл