Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.08) хуралдаан 11 цаг 23 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хийлээ.
Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлаас 2019 онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд чиглэсэн.
Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.
Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилсэн найруулгаар баталж, төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоохоор, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг журамлан зохицуулж байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна.
Иймд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.
Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй бөгөөд төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болохын хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг асуудлыг тусгасан байна.
Үүнд,
1.Ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, хариуцлагын талаарх ёс зүйн харилцааны суурь ойлголтын талаарх нэр томьёоны тайлбарыг өгнө.
2.Энэ хуульд төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчид нэгэн адил үйлчлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтооно. Албаны чиг үүргийн онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль тогтоомжоор тогтоож болохыг заана.
3.Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн байдалд хяналт тавих бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон заана.
Төрийн болон нутгийн удирдлагын томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ажиллана. Энэ хүрээнд ёс зүйг сахин мөрдүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий Ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулах, зөрчил үйлдсэн албан хаагчид хариуцлага тооцох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Байгууллагын дарга, удирдлагын ёс зүйн үүрэг, хариуцлагыг түүний манлайлалтай холбон авч үзнэ.
Улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үүргийг Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хэрэгжүүлнэ.
4.Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хүлээн авах, хянан шалгах, дүгнэлт гаргаж, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх зэрэг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилна.
5.Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын төрлийг тогтоож, ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг заана. Албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор уучлалт гуйх, албан тушаалаасаа сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг тусгана.
6.Төрийн албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчил, хүлээлгэсэн хариуцлагын талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх журмыг тусгана.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын хэмжээнд удирдан зохицуулах нэгдсэн зохицуулалттай болж, төрийн болон орон нутгийн байгууллагын бүх шатанд төрийн албаны ёс зүй, соёлыг төлөвшүүлэхэд ахиц гарах, улмаар иргэд ёс зүйтэй, чанартай, хариуцлагатай төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд байнгын хорооноос хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, “УИХ-ын үндсэн бүтцэд Ёс зүй, сахилга хариуцлагыи байнгын хороо байгуулагдсанаас хойш Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж, хэлэлцүулэн “Улсын Их Хурлын гиииүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай’ Улсын Их Хурлын 105 дугаар тоггослыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлуулж 2022 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаас эхлэн мөрдөн ажиллаж байна. Улсын Их Хурлын тухай хуупиар Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудлууд хамаардаг. Тиймээс төрийн албаны шинэтгэлд төрийн албан дахь ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлд голлон анхаарч ажилласан.
Төрийн албаны зөвлөлтэй хамтран өнгөрсөн оны есдүгзэр сард Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнд УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллага, яамдын Төрийн нарийн бичгийк дарга, агентлагийн удирдлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд зэрзг нийт 5000 орчим төлөөлөгч хамрагдсан. Энэ зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын ёс зүйн зохицуулалтыг боповсронгуй болгох, ёс зүйн зөрчлийг шалган тогтоох, хариуцлага тооцох, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох, харилцаа хандлагыг шинэчлзх зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. Мөн 2022 оны 12 дугаэр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран төрийн албан хаггчийн ёс зүй сахилга, хариуцлагын бодлого, эрх зуйн орчин, онол практик, арга зүйн асуудлыг төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай уялдуулах сургалт, хэлэлцүүлгийг Сэлэнгэ, Хэнтий аймаг зохион байгуулсан. Энэ үеэр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөлд санал авсан. Төрийн албаны ёс зүйн асуудлаар өнгөрсөн жил Төрийн албаны зөвлөлийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн.
Төрийн албаны зөвлөлийн ирүүлсэн мэдээллээс үзэхэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажилласнаар сүүлийн жил гаруйн хугацаанд Төрийн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдэрч, ёс зүйн зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд ахиц гарсныг харуулж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Б.Баттөмөр, Х.Баделхан нар асуулт асууж, саналаа хэллээ.
Төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх нь ард иргэд төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг онцлоод төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлж, үйлчилгээ соёлыг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн хуулийн төсөлд төрийн албан хаагчийн ёс зүйн кодыг тусгахдаа олон улсын сайн жишгийг судалж оруулах талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.