Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.06.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлж, дэмжсэн дэмжээгүй талаараа санал хэлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, 25 жилийн өмнө боловсруулж байсан төслийн суурин дээр уг хуулийн төслийг боловсруулсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөлд Ёс зүйн хороо, Ёс зүйн зөвлөл байгуулж ажиллуулъя гэдэг гол зохицуулалт оруулсан эхний алхамыг зөв гэж бодож байна гэв. Мөн тэрбээр, ёс зүйн алдаа гаргасан асуудалд сахилгын хариуцлага хүлээлгэдэг тул цаашдаа сахилгын хороо, сахилгын зөвлөл гэж явбал зөв ойлголт болно гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаан нь Монгол Улсад хэрэгжиж буй 400 гаруй хуулийн бүх заалтыг төсөлд тусгасныг дурдаад шинэлэг зохицуулалт гэвэл төрийн бүх байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл байгуулна гэсэн ганцхан заалт байгааг онцлов. Мөн төсөлд Төрийн албаны зөвлөл дэргэдээ ёс зүйн зөвлөл байгуулаад улс төрийн албан тушаалтнуудыг хянахаар тусгажээ. Аймаг, нийслэлийн Засаг даргыг Төрийн албаны зөвлөл хянах байгууллага нь биш. Энэ нь Үндсэн хуульд заасан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэр дэвшүүлдэг, Ерөнхий сайд нь томилдог, улс төрийн хариуцлага тооцдог албан тушаал. Үүнд Төрийн албаны зөвлөл оролцож, огцруулах дүгнэлт гаргавал Үндсэн хууль зөрчих болно. Өөрөөр хэлбэл, зарчим, хэм хэмжээ бусад зүйлтэй нийцэхгүй байгаа тул төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв.
Ингээд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ.
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн гэдгийг дурдахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулна гэснийг үндэслэн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад тусгагдсан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн ёс зүйн хорооны чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой тусгах талаар Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлж, тухайн хорооны чиг үүргийг дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох, хяналт тавих байхаар тусгах нь зүйтэй талаар санал нэгдсэн гэж байлаа.
Мөн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаалчилсан хууль, тогтоолын төслөө татан авч болно гэснийг үндэслэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татан авахаа мэдэгдсэн гэдгийг Б.Бейсен гишүүн дурдаад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн, хууль санаачлагч Ж.Чинбүрэн, Ц.Туваан нар нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн нэрийг тодорхой болгох зорилгоор цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан гэж, нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан санал болон Байнгын хорооны гишүүдийн саналд үндэслэн “цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах” гэснийг “цусны болон эс, эд, эрхтний донорыг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх өдрийг зохион байгуулах” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн төслийн 7.1.8-д “цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах;” гэсэн чухал ач холбогдолтой заалт тусгасан байсан. Гэтэл уг заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын агуулга нь өөрчлөгдөж, “цусны болон эс, эд, эрхтний донорыг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх өдрийг зохион байгуулах” гэсэн нь тухайн асуудлын хүчийг сулруулах, цаашлаад хууль зүйн зөрчилтэй асуудал үүсэхээр байгаа тул хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.
Түүнчлэн гишүүдийн зүгээс хуулийн төсөлд донорын нас 25 байгааг багасгах эсэх, эрхтэн шилжүүлэх мэс заслын багийнханд илүү цаг болон урамшууллын зохицуулалтыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар, амьгүй донороос авах эд эрхтний тоог олон улсын жишигт нийцүүлэх эсэхийг илүүтэй лавлаж байлаа.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариултдаа, 2018 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад донорын насыг 25 байхаар тусгаж, баталсан. Олон улсын жишгээс харахад АНУ, ОХУ, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг оронд 18, Сингапур улсад 21 наснаас донор болдог гэдгийг онцлоод Донорын тухай хуульд оруулж буй гол хоёр өөрчлөлтийн нэг нь донорын насыг 21 болгон бууруулахаар зохицуулсан гэж байлаа. Мөн тэрбээр, Нийгмийн бодлогын байнгын хорооноос эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр нарийн, хүнд мэс заслыг олон цагаар хийсэн багийнханд илүү цагийн мөнгийг хангалттай бодож өгч чадахгүй, үндсэн цалингаа л авч байгаа асуудлыг хөндөн ярьж байсан. Эрүүл мэндийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 5 хувьд хүртэл өсгөж, 1.4 их наяд төгрөгт хүрсэн ч эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээ цаг тухайд нь авч чадахгүй байгаагаас чадварлаг ажиллаж байгаа эмнэлгийн багийнхан цалин хөлсөө хийснээрээ авах боломжгүйд хүрээд байна. Төлөөлөн удирдах зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын сан, эмнэлгийн санхүүгийн ажлын уялдаа холбооноос болж цаг тухайд нь санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаа тул Байнгын хорооны 03 тоот тогтоолоор Эрүүл мэндийн сайдад энэ асуудлыг шийдвэрлэхэд хугацаатай үүрэг, чиглэл өгөөд байна гэв.
Ажлын хэсгийн зүгээс, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2018 онд батлагдах хүрээнд эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Одоогийн байдлаар нийт 3800 гаруй амьгүй донорыг илрүүлэх ажиллагаа хийснээс донор болсон 24 тохиолдол байна. Энэ хугацаанд бид амьгүй донороос 31 хүнд бөөр, 21 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлгэсэн. Бид нэг амьгүй донороос бөөр, элэг, шөрмөс авч, шилжүүлэн суулгах эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын III. I төв эмнэлгийн хамтарсан багаас бүрдсэн зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг, нойр булчирхай шилжүүлэн суулгах баг байгуулагдаад, бэлтгэл ажлаа хангаж байна. Нэг амьгүй донороос 8-10 хүнд амьдрал бэлэглэх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар бид 4-5 хүнд амьдрал бэлэглэх, амьдралынх нь чанарыг дээшлүүлж байна хэмээн хариулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эд, эс эрхтэн шилжүүлэхтэй холбоотой асуудалд амьгүй донороос аль болох эд, эс, эрхтэн авахыг дэмжих ёстой гэсэн зарчимыг баримталж буй гэсэн нэмэлт тайлбарыг хэлсэн.
Ингээд Байнгын хорооноос хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахаар бэлтгэсэн байсан ч хуралдаан даргалагчийн зүгээс хоёр саналд гүйцээн боловсруулах чиглэл өгснөөр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Дараа нь Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэдгээрийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ, эрх үүрэг, компанийн удирдлагыг томилохтой холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж ирснийг онцлоод гэвч энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, шаардлага тодорхой бус, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим алдагдсанаар зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэж болох эерэг, сөрөг үр дагаврын талаар үндэслэл бүхий иж бүрэн судалгаанд суурилалгүйгээр эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд харьяандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулж, зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг өндөр зардлаар эрхэлж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үр ашиггүй, алдагдалтай ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төр, орон нутагт үүсэх зардлыг нэмэгдүүлэх, төр, орон нутгийн зохицуулах болон өмчлөгчийн чиг үүрэг холилдох үндсэн шалтгаан болж байна. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлсэн байна. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэж байлаа.
Хуулийн этгээдийн зардал өндөр байх тусам ашиг багасч, төсөвт төлөх татвар, ногдол ашгийн хэмжээ буурахаас гадна үйл ажиллагааны цар хүрээ, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага байна. 2021 оны байдлаар төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа 5.9 хувьтай байгаагаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” ХК-иас бусад нь 4 хувийн алдагдалтай ажилласан байна. Хөрөнгийн өгөөжийн хувьд 2021 онд 1.3 хувьтай гарсан бол Дэлхийн банкны судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг 0 хувьтай үнэлсэн байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүд улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж, төрөл бүрийн төлбөр хэлбэрээр 2019 онд 2.0 их наяд төгрөг, 2020 онд 1.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь улсын нийт татварын орлогын 16.3 хувьтай тэнцэх бөгөөд үүний 8.8 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 5.4 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК тус тус бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрийн бодлогыг уялдуулах нэрийдлээр төрийн өмчит компанийн бизнесийн үйл ажиллагааны удирдлагад хэт оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулах, сунгах, ажлын үр дүнг үнэлэх үйл ажиллагаа нь нээлттэй бус, улс төрөөс хамааралтай байгаа нь компанийн сайн засаглалын тогтолцоо бүрдэх, санхүүгийн сахилга баттай ажиллах нөхцөлийг хааж байна. Иймд төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл шаардлагыг тодорхойлж, төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахын зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий салбар, хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй, зах зээлийн төвлөрөл өндөртэй нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбар болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний салбарт компани үүсгэн байгуулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.
Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болно. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой салбарын жагсаалтыг 4 жил тутамд Улсын Их Хурал, харин нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарын жагсаалтыг Засгийн газар баталж, төр ямар салбарт аж ахуй эрхлэх талаар тодорхой чиглэл гарч, бизнес эрхлэгчдэд урьдчилан тооцоолох боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг зогсоож Засгийн газрын томилсон төрийн захиргааны аль нэг төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгалаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага олон улсад тогтсон шаардлагаас доогуур, төрийн захиргааны албан хаагчийг, түүнчлэн улс төрийн албан тушаал хашиж байсан этгээдийг төлөөлөн удирдах зөвлөлд томилох, томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь тухайн компанийн удирдлага мэргэжлийн бус болох, улс төрийн нөлөөлөл бий болох боломжийг бүрдүүлж байна. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, гишүүдийн тоо, нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн чадварлаг, хараат бус, жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг бүрдүүлэх чиглэлд зохицуулалтыг тусгасныг Х.Нямбаатар сайд онцолсон.
Түүнчлэн төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн нөөцийн сан үүсгэн бүртгэж, бүртгэгдсэн нэр дэвшигчээс төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний шаардлага хангаж байгаа нэр дэвшигчийг захиалагч төрийн болон орон нутгийн өмчит компанид санал болгож болохоор заасан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, чөлөөлөгдөхөд нөхөн төлбөр, олговор зэрэг аливаа хэлбэрийн тэтгэмж олгохыг хориглохоор тусгасныг салбарын сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхойллоо. Төрийн өмчийн компаниас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн нийт дүнгийн доод хэмжээг Улсын Их Хурлаас жил бүрийн төсөвт тусган батална. Тухайн төсвийн жилд баримтлах ногдол ашгийн хувийг болон ногдол ашиг төлөх үүргээс тухайн жилд чөлөөлөгдөх компанийн жагсаалтыг төрийн өмчит компанийн хувьд Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвтэй хамт батлахаар тусгасан гэв.
Уг хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын ажлын үр дүнд суурилсан үнэлгээний механизмыг бүрдүүлж, үнэлгээний шалгуурт бизнесийн төлөвлөгөөний хэрэгжилтийн түвшин, компанийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц болон санхүүгийн менежмент, төсвийн хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоо, борлуулалтын орлого, ашгийн хэмжээ, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн ашиглалт, өөрийн хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалын зорилтод түвшин зэрэг асуудлыг хамааруулахаар тусгалаа. Үүнээс гадна компани нь дотоод хяналтын тогтолцоотой байх, үүнийг дотоод хяналтын нэгж хэрэгжүүлэх, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх аудитын хороотой байх шаардлагыг тусгаж, түүний нарийвчилсан зохицуулалтыг оруулсан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, нийтэд тайлагнах асуудлыг төсөлд дэлгэрэнгүй тусгалаа. Тухайлбал, компанийн хувьцааны төрөл, тоо, нэрлэсэн үнэ болон өөрийн хөрөнгийн хэмжээ, биет болон биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл, сүүлийн 5 жилийн хөндлөнгийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлан, компанийн байгуулсан их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл, компанийн үйл ажиллагаа, удирдлагын менежментийн гүйцэтгэлийн үнэлгээ, тухайн жил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын болон бусад үйл ажиллагааны мэдээлэл, тэдгээрийн хэрэгжилтийн байдал, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын талаарх мэдээлэл, нийлүүлэгч этгээд, гэрээний хугацаа, үнийн дүн, сонгон шалгаруулалтын аргачлал, явц, байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт, төсвөөс болон бусад эх үүсвэрээс авсан болон бусдад өгсөн дэмжлэг, хандив, тусламж гэх зэрэг мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч нь төр, орон нутаг өөрийн хувь нийлүүлсэн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх хэмжээ, хариуцлагыг тодорхой хуульчлах замаар компанийн засаглал, ил тод байдал, сахилга хариуцлага, ашигт ажиллагаа, үр ашгийг сайжруулах, зах зээлд төр болон орон нутаг зохистой оролцох, хувийн хэвшил, эдийн засгийн хөгжлийн хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдаад хуулийн төсөл батлагдснаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ач холбогдол бүхий томоохон төслийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, адил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялаг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэх зэрэг нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэн гэв.
Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдсан.
Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул маргаашийн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.