Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр (2022.08.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл, хэсэгт нийцээгүй байна гэж үзээд, хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална”, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.4-т “Ерөнхийлөгчийн нотлон баталгаажуулсан уг эхийг Үндсэн хуульд байршуулж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эхэд тооцно” гэж заасан.


Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол эрх зүй, хуулийн хэрэглээний практикт өмнө гарч байгаагүй нөхцөл байдал үүсгэж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэх,  өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулах, Үндсэн хуульд кодификац хийх, албан ёсны эх болгон хадгалах, хэвлэн нийтлэх зэрэг асуудлаар хуулийн зарим зохицуулалт хийх шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон бусад хуулиудад нэмэлт оруулах шаардлага бий болсон байна.

 

 Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд энэхүү нэмэлтээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбогдсон харилцааг зохицуулах тусгайлсан дэгийг тогтоох аж.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” гэсэн зохицуулалт зөрчилгүй хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

 

        Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл