Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.24) хуралдаан 09 цаг 42 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээлэлдээ, Бэлчээрийн мал аж ахуйг байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвөл хаврын улирлыг өнтэй даван туулах зорилгоор орон нутагт отрын нөөц нутгийг байгуулан, хил заагийг баталгаажуулж хамгаалалтад авч ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн гэрээнд тусган ажиллаж байна. Отрын бүс нутгуудыг зүй зохистой ашиглах, бэлчээрийн даацад тохируулах, мал эмнэлгийн үзлэг оношлогоог заавал хийх чиглэлээр үүрэг чиглэлүүдийг өгөөд байгааг дурдаад аймаг, орон нутгаас авсан судалгааны үр дүнгээр одоо ашиглалтгүй байгаа болон бага ашиглалттай бэлчээрийг эргэлтэд оруулах зорилгоор улсын төсөв, олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 240 гаруй худаг шинээр барьж байгуулах ажлын хайгуул, өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн. Ажлын үр дүнд 280 мянга орчим малыг усаар хангах боломжийг бүрдүүлнэ гэж байлаа.
Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг үлийн цагаан огтонотой тэмцэх 2022 оны хаврын ажлыг 250.0 мянган га-д гүйцэтгэсний зэрэгцээ намрын ажлыг 300.0 мянган га-д хийхээр төлөвлөж байна. Ингэснээр мал аж ахуйн үйлдвэрлэлд 550.0 мянган га бэлчээрийг эргэлтэд оруулах болно. Энэ онд 22.0-24.0 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ жил малчдын түвшинд өвс 1.2 сая, сүрэл 1.8 мянга, ногоон тэжээл 18.6 мянга, үйлдвэрийн тэжээл 73.1 мянга, гар тэжээл 82.6 мянга, дарш 1.1 мянга, давс, хужир шүү 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянга, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар зарим нутгаар бороо хур элбэг байгаатай холбогдуулан хадлан бэлтгэлийн ажил удаашралттай, малчдын түвшинд 16.7 мянган тонн өвс, 1.2 мянган тонн гар тэжээл, 0.5 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн нөөцөд 0.3 мянган тонн өвс, 0.1 мянган тонн тэжээл бэлтгээд байна гэж салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
Мөн 2022 онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Үүнээс 2022 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 49.0 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 10.3 мянган тонн, тэжээлд 36.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 11.1 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлсэнээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгааг дурдаад урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа бөгөөд хүнсний ногооны үйлдвэрэлэл өнгөрсөн жилийнхээс 10 гаруй хувиар өсөхөөр байна гэж байлаа.
Мөн тэрбээр, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй болно. Гэхдээ энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө буюу 09 дүгээр сарын 10-ны орчим ургац хураалтын ажил эхлэхээр байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллаж өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд 1522 оюутан, сонсогч гэрээгээр ажиллаж байна гэв.
Түүнчлэн ургац хураалтад нийтдээ 1095 комбайн, 620 ширхэг жатка, 230 гаруй үтрэм, 1035 ширхэг үр тариа цэвэрлэх, сортлох, ачих машин, 75 ширхэг төмс хураах комбайн, 510 ширхэг төмс ухагч, ангилах сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай байна. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд техникийн иж бүрдлээр тооцоход ургац хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдэж байна. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болоод байна. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллуулж байгааг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдсан.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, Н.Наранбаатар, Ц.Туваан, Ц.Энхтүвшин, С.Бямбацогт, Г.Адьшаа нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс сүрэл боож тэжээл бэлтгэх болон улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх асуудалд салбарын яамнаас баримталж буй бодлогыг тодруулахын зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд мах бэлтгэл, махны экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ноос ноолуурын урамшууллын олголтын ажлын явцын талаар лавлаж байв. Мөн Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулах ажлыг өргөжүүлэх эсэхийг илүүтэй лавлаж байв.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулга хийлээ
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьсан ба Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж, хуулийн төслийг боловсруулаад байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдаад Хүнсний тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийх, эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл, хуулийн төслийг дагалдан гарах хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулахаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалын дагуу Хууль зүйн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Мөн Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг сайдын тушаалаар батлуулсан гэв.
Мөн тогтоолын хавсралтаар батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, төлөвлөгөөний дагуу холбогдох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нарийвчилсан төлөвлөгөөний дагуу 2023 онд хийхээр төлөвлөсөн Хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарын 15, Мал аж ахуйн салбарын 10, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний гурав, Газар тариалангийн салбарын 28, Хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын дөрөв, Хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрийн судалгаа шинжилгээний тав нийт 67 арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 523,108.5 сая төгрөг шаардлагатай байгаагаас урсгал зардлаас 192,833.5 сая төгрөг, хөрөнгө оруулалтаас 151,050.0 сая төгрөг, гадаадын зээл тусламжаас 190,225.0 сая төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн 2023 төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна. Тогтоолын төслийн хэрэгжилтийг бодиттой, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Монголбанктай хамтарсан уулзалтыг зохион байгуулан нэг их наядын Засгийн газрын бонд гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна хэмээн З.Мэндсайхан сайд танилцуулгадаа тодотголоо.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.