Цэс

Холбоо барих

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.01.23/ болж УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Санал, дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.


УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12/28 дугаар тогтоолоор дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг,  Б.Ундармаа, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нар болон холбогдох бусад албан тушаалтан орж ажиллажээ.

Ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөнд заасны дагуу дээр дурдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Төв аймгийн Зуунмод сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, түр хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажилласан бөгөөд мөн сэтгүүлчид болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нартай холбогдох асуудлаар уулзаж, санал солилцсон байна.  

Түүнчлэн Байнгын хороод хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж ажилласан аж.

УИХ-аас 2016 онд баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт тодорхой түвшинд ахицтай гэж үзэж болохоор байгаа боловч 2017 онд батлагдсан Эрүүгийн, Зөрчлийн хууль тогтоомжоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэг, зөрчилд тооцогдож, түүнд ял шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд зарим нэг хүндрэл бэрхшээл учирч байна хэмээн Ажлын хэсэг үзжээ.

Тухайлбал, прокурорын байгууллагаас ирүүлсэн саналд уг хуулийн хэрэгжилтийн талаар хуульд заасан хохирогчийг хамгаалах талаархи холбогдох журмууд хэрэгжихгүй байх тохиолдол гарч байгаа бөгөөд энэ нь хууль хэрэгжих хугацаа давчуу байсан, зарим журмуудыг хэрэглэх талаар сургалт явуулж чадаагүй зэрэг олон шалтгаанаас хамаарсан байна. Нөгөө талаар хуулийг хэрэгжүүлэх анхан шатны нэгж болох хамтарсан багийн үйл ажиллагаа орон нутагт бүрэн төлөвшиж амжаагүй, нийгмийн ажилтны орон тоо, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлтэй хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийг хүлээн авч уулзах, тэдэнд зөвлөгөө өгөх өрөө, тасалгаа, урамшуулал байхгүй, санхүүжилт төсөвлөгдөөгүй зэрэг бодит нөхцөлүүд ч үүнд нөлөөлж байна гэж үзсэн байна.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тодорхой харилцааг зохицуулахаар хуулиар тусгайлан эрх олгосны дагуу баталж, мөрдүүлэхээр нийт 33 стандарт, журам тусгагдсанаас 28 батлагдаж, 5 нь батлагдаагүй байгаа аж.

Мөн Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, холбогдох дүрэм, журмуудыг батлан хэрэгжүүлээгүй байгаа нь дээрх хуулиудын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, тухайн салбаруудад хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 16 дугаар зүйлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар толгойлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл зохицуулна гэж заасан байдаг.

Дээрх Зохицуулах зөвлөл, түүний ажлын алба Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд 1997-2012 онд ажиллаж байсныг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулсан байсныг өөрчлөн 2016 оноос Зөвлөлийг сэргээн ажиллуулжээ.

Тус Зохицуулах зөвлөл нь сэргээн байгуулагдсанаасаа хойш Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, зам тээврийн осол, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль сахиулах байгууллагын үүрэг бус, бүх шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мөн иргэн бүрийн үүрэг гэдгийг онцлон анхаарч иргэдийн оролцоог хангах чиглэлээр анхаарч ажиллаж байгаатай ажлын хэсгийн гишүүд танилцжээ.

Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуульд заасны дагуу 6 дүрэм, журам, стандарт батлагдахаас 5 батлагдаж, 1 батлагдаагүй байгаа аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн улсын байцаагч нарыг бэлтгэж, 2 жилийн хугацаатай улсын байцаагчийн эрхийг олгож байгаа бөгөөд хүүхдийн эрхийн байцаагч нь Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэж байна. 

Ажлын хэсгийн гишүүд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

2017 онд “Хүүхдийн тусламжийн 108 утас”-нд  ирсэн нийт дуудлагын 25949 нь хамгааллын үйлчилгээ хүссэн, 1426 нь хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай, 10764 нь зөвлөгөө хүссэн, 34192 нь мэдээлэл хүссэн тухай дуудлага байсан байна.

Мөн “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн дэргэд 2017 оны 02 дугаар сараас эхлэн эрсдэл өндөр бүхий хүүхдэд 72 цагийн хугацаанд яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой түр хамгаалах байрыг ажиллуулж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар нийт 212 хүүхдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлжээ.

Дээр дурдсаныг үндэслэн цаашид хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээ, хариу үйлчилгээ үзүүлж буй “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг бусад яаралтай тусламжийн утастай холбох, мэдээллийн нэгдсэн системтэй болгох, түр хамгаалах байрны үйлчилгээ, үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай байна гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуульд заасны дагуу 6 журам батлагдахаас 4 батлагдаж, 2 батлагдаагүй байгаа аж.

Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажилласны үндсэн дээр Ажлын хэсгээс дараахь санал, дүгнэлтийг гаргажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хүрээнд:

·      Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж шинэчлэн батлагдсантай холбогдуулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах;

·      Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлал Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгалаа бүрэн олоогүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсгэж байх тул дээрх хуулиудын зарим зүйл, заалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж байгаа эсэхийг судалж, шийдвэрлэх;   

·      Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгах;   

·      Хууль зүй, дотоод хэргийн сайд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжийг байгуулан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

·      Архидан согтуурах, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг 15 саналыг боловсруулжээ.  

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хүрээнд:

·      Хүүхдийг гадаад улсын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан журмыг хүчингүй болгож, тухайн асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах арга хэмжээг авах;   

·      Хүний эрх, хүүхдийн эрхийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх;  

·      Төрийн бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжид хүний эрх, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах;  

·      Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг нэмж оруулах;

·      Уул уурхай, барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуйн нэгж, байгууллагуудтай хийх гэрээнд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах нь зэрэг 14 саналыг мөн боловсруулсан байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү орон нутагт түр хамгаалах байр байгуулах ажил ямар түвшинд явааг тодруулсан. Мөн Замын-Үүдэд алга олсон охиныг эрэн хайх ажиллагааны талаар лавласан.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сураггүй болсон охиныг бүхий л боломжоороо Замын-Үүдэд болон хилийн цаана хайж байгаа. Цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж, орон нутгийн иргэдийг эрэн хайх ажиллагаанд оролцуулж байна. Эрээн хотын хууль хяналтын байгууллагтай хамтран боломжит бүх арга хэмжээг авч байгаа ч одоогоор олдоогүй байна гэсэн хариултыг өгсөн.

Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу улсын хэмжээнд 2017 оны байдлаар нэг цэгийн үйлчилгээний есөн төв, 16 түр хамгаалах байр үйл ажиллагаагаа тодорхой түвшинд явуулж байна. Эдгээр нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байрны 11 нь орон нутгийн төсвөөс санхүүждэг, дөрөв нь олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бол санхүүжилтгүй дөрвөн газар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн түр хамгаалах байр, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх нэг цэгийн үйлчилгээний төвүүд үйл ажиллагааны санхүүжилтгүйн улмаас үйлчилгээг бүрэн өгч чадахгүй байгаа.


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018 оноос шинээр 15 байршилд нэг цэгийн үйлчилгээний төв 10, түр хамгаалах байр тавыг байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг бариад саатуулдаг. Гэтэл ар гэрийнхээ амжиргааг залгуулдаг хүн нь хоригдчихоор үлдсэн хүмүүсийн амьдрал хэцүүдэд эхэлдэг. Эцэст нь хохирогчид нь нөгөө хүнд арга хэмжээ битгий аваач, суллаж өгөөч гэсэн хүсэлт тавиад эхэлдэг. Энэ асуудлыг анхааралдаа авч, хууль, эрх зүйн орчныг судалж үзэх хэрэгтэй гээд гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэвэл тэдний оролцоог дэмжих хэрэгтэй гэлээ. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих клуб, дугуйланг олноор байгуулбал хүүхдүүд буруу зүйлд автах явдал багасна гэж үзэж байна гэлээ.

Ажлын хэсгээс хариулснаар, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт хүүхдийн хөгжил, оролцооны асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжүүлэх төлөвлөгөөг удахгүй батлах юм байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ийнхүү хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл