Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.23) хуралдаан 11 цаг 19 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар эхлээд хэлэлцсэн юм. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн төсөлд зорилтыг
илүү нарийвчлан тодорхойлсон
байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын
бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль
тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоох бөгөөд иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг
нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр
тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах
боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад
шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар
үйлдэхийг хориглох зэрэг суурь
зохицуулалтыг тусгасан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэхдээ “Монгол
Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-нэг
бүртгэл” арга хэмжээ тусгагдсаны дагуу өмнөх Засгийн газар төслүүдийг боловсруулан
өргөн мэдүүлсэн. Бүртгэлтэй холбоотой гурван төслийг Улсын Их Хуралд өргөн
мэдүүлээд байгаа бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн
төслийг боловсруулах үйл явц үргэлжилж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг
цахимжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага үүссэн ба
үүнтэй холбоотойгоор шинэчилсэн найруулгын төслийн хэмжээнд боловсруулсан” гэв.
Хуульд хэрэглэгдэж байгаа зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан байна. Мөн улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ. Мөн бүртгэлийн мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал болон мэдээллийн технологийн хэрэглээг сайжруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ц.Мөнх-Оргил, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь нар салбарын сайд болон Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлсэн бөгөөд бүртгэлийн системийг цахимжуулах нь эрсдэлтэй гэдгийг тооцож, энэ талаар судлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн төсөл дэх бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн бүртгэлийн талаар, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцооны талаарх зарим зохицуулалтыг тодруулж байв. Монгол Улс 1996 оноос орон сууцаа бүртгэж эхэлсэн бол үүнээс долоон жилийн дараа газрыг хувьчилж 2003 оноос газрын бүртгэлийг хийж эхэлжээ. Завсарын хугацаа долоон жилээр хэмжигдэхийн зэрэгцээ бүртгэж байсан байгууллагууд өөр программ хэрэглэж байсан байна. Үүний үр дүнд өнөөдөр газар болон газар дээрх обьект тус тусдаа бүртгэлийн сантай болсноос үүдэн газрын болон эд хөрөнгийн харилцаанд бодит бэрхшээлүүд учирч байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлалаа. Тиймд хуулийн төсөлд тусгагдсан зарчмын нэг дэвшил бол газар ба түүн дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг бизнесийн хувьд эрсдэлгүй, олон нийтэд салаа утгагүй, бодит мэдээллийг хүргэх зорилго бүхий зохицуулалт болохыг тэрбээр тайлбарлав. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Улсын Их хурал, Засгийн газраас сүүлийн жилүүдэд төрийн бодлогын нэгдмэл чанарыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх нийгмийн бүх салбарыг хамарсан үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой болгох нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах зорилгоор улсын бүртгэлийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр бодлого, хөтөлбөр, зорилтын үр дүнд эрх зүйн орчин шинэчлэгдэн, мэдээлэл, технологийн дэд бүтцийг бий болгож, улмаар програм хангамжийг иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах болсон нь уг хуулийн нэр томьёо, агуулга, зохицуулах хүрээ нь 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөх байдал үүсэх болжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн уг хуулийг өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг бий болгохоор уг хуулийн хэрэгжилтийн үр дагавар болон холбогдох судалгааг үндэслэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
6 бүлэг, 30 зүйлтэй хуулийн төсөлд зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан бөгөөд бөгөөд уг төсөлтэй холбогдуулан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох 10 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Иймд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.
Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцлийг бүрдүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах замаар хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах, мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгааг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн 40 гаруй зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8-д заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараахь өөрчлөлтийг тусгасан аж.
1.Хуулийн төслөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.
2.Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх эд
хөрөнгийн эрхийг бүртгэж эхэлсэн бөгөөд газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн
эрхийг газрын эрхээс нь салангид бүртгэж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн
бүртгэлийн олон улсын стандартаас зөрж, бүртгэлийн нэгдмэл, үнэн зөв байдал
алдагдах үндсэн нөхцөл болж байгаа тул барилга, байгууламжийн эрхийг түүний
доорхи болон орчны нэгж талбар газрын эрхэд үндэслэн бүртгэх зохицуулалтыг
шинээр тусгалаа.
3.Улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн
цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх
зорилгоор банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн
мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж
цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтуудыг шинээр тусгалаа.
4.Одоогийн хуульд үл хөдлөх эд хөрөнгө
өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар "өмчлөх
эрх баталгаажна" гэж заасныг хэвээр хадгалж, өмчлөх эрхтэй холбоотой эд
хөрөнгийн бусад эрхийн хүчин төгөлдөр байдал нь улсын бүртгэлд бүртгэснээр
баталгаажихаар тусгалаа.
5.Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцлийг хангахын тулд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад төслийн зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах нь зүйтэй хэмээн санал хэлсэн. Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.
Хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахлан ажиллахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.