Цэс

Холбоо барих

Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.22) хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.


Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.


Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.


Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамны барилга, газрын асуудлыг нааштайгаар шуурхай шийдвэрлэхэд анхаарах, түүнчлэн батлан хамгаалахын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг намрын чуулганы хугацаанд багтаан өргөн барьж шийдвэрлүүлэхийг холбогдох яамдын удирдлагуудаас хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан манай улсад суугаа болон манай улсаас гадаад улсад суугаа зарим дипломат төлөөлөгчийн байгууллагын газар болон байшин барилгатай холбоотой маргаантай асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд манай холбогдох яамд онцгой анхаарч ажиллах, ингэхдээ харилцан адил тэгш байх зарчим баримтлах шаардлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар Байнгын хороо анхаарч, ойрын үед холбогдох яаманд очиж танилцах, түүнчлэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хуулийн хэрэгжилт хэр байгааг намрын чуулганы завсарлагааны хугацаанд шалгаж танилцах санал гаргасан юм.


Дараа нь тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

Хуралдааны дараа тус Байнгын хорооны гишүүд Улсын Их Хурлын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тусгагдсаны дагуу Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл