Цэс

Холбоо барих

ТББХ: “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.29/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцлээ.

Тус байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан юм. Тус ажлын хэсэг 2022 оны 08 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд хуралдаж “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.


Тогтоолын төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа танилцуулав.

 “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны  зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, Т.Доржханд, Н.Энхболд, Ш.Адьшаа нар үг хэлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэмээн заасан хугацааг  дахин бодолцож, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.Энхболд дээрх хугацааг 12 сарын 31-ний дотор гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар батлахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн Шинжлэх Ухааны Академи, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдыг үйл ажиллагаанд татан оролцуулж, гэрээний үндсэн дээр судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг болон улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллийг хамруулсан ажлын хэсгийг тус тус байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагчид зөвшөөрөх, ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, Ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолыг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл