УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан байгаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасан гэдгийг дурдлаа.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлж байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Л.Мөнхбаатар МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, “Отгонтэнгэр” их сургуульд суралцан эрх зүйч бакалавр, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-наас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг хүссэн.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.