Цэс

Холбоо барих

ҮББХ:“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.07.04) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.   

Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Дөрөвдүгээр газрын захирал, Тэргүүлэх аудитор Я.Самбууням танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 53 байгууллагад  аудит хийж, дүгнэлт гаргасан. Тус  төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд зөрчилгүй санал, дүгнэлтийг өгсөн. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд хамрагдсан  байгууллагуудаас долоон байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 3 байгууллага аудитад хамрагдаагүй  болно. Дүгнэлт гаргасан 37 байгууллагад “Зөрчилгүй”, долоон байгууллагад “Хязгаарлалттай”,  нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч,  нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан хэмээн танилцуулгад дурджээ. 


Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 10 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс таван байгууллагад дүгнэлт гаргаж, таван байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Дүгнэлт гаргасан гурван байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай” санал, дүгнэлт өгсөн гэдгийг Тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцолсон.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 59 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 56 байгууллагад дүгнэлт гаргаж, гурван байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгдсэн байгууллагуудаас 44 байгууллагад “Зөрчилгүй”, 11 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, нэг байгууллагад санал, дүгнэлт өгөхөөс татгалзсан гэж байлаа.  

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 31 байгууллагад дүгнэлт гаргаж, нэг байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, шинээр байгуулагдсан нэг төслийн санхүүгийн тайланг аудитад хамруулаагүй болно. Дүгнэлт өгсөн байгууллагуудаас 26 байгууллагад “Зөрчилгүй”, таван байгууллагад “Хязгаарлалттай” санал, дүгнэлт өгснийг Тэргүүлэх аудитор Я.Самбууням дурдсан. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 25 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс, 22 байгууллагад дүгнэлт гаргаж, гурван байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд дүгнэлт гаргасан харьяа байгууллагуудаас 14 байгууллагад “Зөрчилгүй”,  долоон байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн хэмээн танилцуулгад дурдсан байлаа. 

Тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах, худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг танилцуулгад дурджээ. 

Мөн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа төрийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг дурдсан байлаа. 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, үг хэлсэн, Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн  Б.Чойжилсүрэн,  Сангийн яам, Үндэсний аудитын газраас цаашид 6000 гаруй төрийн өмчит болон төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн бичилтийн загвар, хяналт тавих зэрэг системийн нэгдсэн стандартыг бий болгож, ойлголтын зөрүүгээ нэгтгэх, энэ талаараа холбогдох сургалтыг төрийн байгууллагуудад явуулах шаардлагатай гэсэн саналыг хэлэв. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.

"Түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  танилцуулав. 

Хүнсний аюулгүй байдлыг хангахад дотоодын газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах боломж, чадавхийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтойг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97.0 хувь, төмсөөр 100 хувь, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна гэв. 

Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээгээр 2020 оны байдлаар хүнсний хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна гэж үзжээ. Төрийн аудитын газраас хийсэн Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдэд зорилт, арга хэмжээг хэсэгчлэн тусгасан боловч шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, үр дүнд хүрээгүй байна. Мөн гол нэрийн зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна гэв.


Иймд Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Байнгын хорооны түвшинд судалж, нэгдсэн бодлого шийдвэр гаргах шаардлагатай байгаа тул “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. 

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд  Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

  Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. 

Тэрбээр танилцуулгадаа, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1 дэх заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан. Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд орсон өөрчлөлтийг холбогдох төслүүдэд нэмэхийн зэрэгцээ төслийн зүйл, хэсэг, заалт хасагдаж, өөрчлөгдсөнтэй холбогдуулан эшлэл, дугааруудыг нийцүүлэн өөрчилсөн. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй зарим засваруудыг хийснийг дурдаж байлаа. 



Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг үндэслэн зарчмын зөрүүтэй  хоёр санал бэлтгэсэн. Засгийн газрын бүрэн эрхэд төрийн өмчит паркийн газрын асуудлыг шийдвэрлэх гэсэн заалт байсан. Энэ нь Газрын тухай хуультай зөрчилдөх учраас хасах санал оруулсныг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй тул үүнийг гуравны хоёроор хасахаар дахин санал оруулж байна. Засгийн газраас газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нарийвчилсан харилцааг Үйлдвэрлэл, технологийн паркийн хуулийн төсөлд хэвээр үлдээж, харин түдгэлзүүлэх үндэслэлдээ уг хэвээр үлдээсэн заалтаа эшилж оруулах саналыг гуравны хоёроор гаргаж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг үндэслэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал, хураалт явуулсан. Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй хоёр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь тус тус дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналын томьёолол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсан дөрвөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. 



Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, санал гаргасангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Ингээд дээрх хуулийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулга, санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл