Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 24 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна.

 Мөн тус дугаарт Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай, Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлжээ.      

 “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан тус төлөвлөгөөний хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, цаашид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулжээ. Тус түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, цөөнхийг төлөөлөн Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нарын Улсын Их Хурлын гишүүд ажиллах ажээ.      

 Эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам шинэчлэн батлах” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Тус тогтоолоор баталсан  “Коронавируст халдвар /ковид-19/-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн уг халдварын үеийн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахаар тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл