Цэс

Холбоо барих

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2022.07.01/ хуралдан Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр, Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2021 онд хэрэгжүүлэх нэг хөтөлбөрийн зургаан арга хэмжээг санхүүжүүлэхээр 2,755.6 сая төгрөгийн төсөв батлагдаж, гүйцэтгэлээр улсын төсвөөс 2,755.6 сая төгрөгийн санхүүжилт авсан. Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 2,425.0 сая төгрөг буюу 88.0 хувьтай байна. Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Тайлант онд худалдан авсан 18.6 сая төгрөгийн биет бус хөрөнгө, 6.8 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 0.7 сая төгрөгийн бараа материалыг тус тус зардлаар тайлагнан, нийт 26.1 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснийг аудитын явцад залруулав. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад нягтлан бодох бүртгэлтэй холбоотой алдааны дүн 26.1 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 онд хэрэгжүүлэх нэг хөтөлбөр, 11 зорилт арга хэмжээг санхүүжүүлэхээр 29,794.8 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 28,053.6 сая төгрөгийг урсгал зардалд, 1,141.0 сая төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар батлагдаж, 29,194.6 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Төсвийн нийт зардлын гүйцэтгэл 26,740.3 сая төгрөг буюу 89.7 хувьтай байна. Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн. Аж ахуйн материалын дансанд 83.5 сая төгрөгийн хангамжийн материал, нормын хувцас зөөлөн эдлэл, тусгай хэрэгсэл зэрэг хөрөнгийн ангилал буруу бүртгэсэн, төрийн үйлчилгээний ангиллын ажилчдад ажлын үр дүнг үнэлж дүгнээгүй, сар бүр тогтмол хувиар ур чадварын нэмэгдэл олгосон зэрэг алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хоёр зөвлөмж хүргүүллээ. Өмнөх оны аудитын илрүүлэлттэй харьцуулахад нийт нягтлан бодох бүртгэл болон дотоод хяналттай холбоотой алдаа, зөрчил 83.5 сая төгрөгөөр өссөн байна.

Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээ чанарын шаардлага хангаагүй гээд энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандсан ч тодорхой үр дүн гарахгүй байгаад харамсч буйгаа илэрхийлсэн. Зарим төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүссэн, хариуцлага алдсан, улсын төсвийг үр ашиггүй зарцуулсан, чанаргүй барилга хүлээж авсан асуудлыг холбогдох байгууллагуудад тавьсан ч мөрдөн байцаах ажиллагаа хийж байгаа гэсэн хариу өгөөд удаж буйг дурдаад, тодорхой хариулт авахыг хүссэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Завхан аймаг дахь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарал хандуулан ажиллаж, аудитын газраас дүгнэлт, зөвлөмж хүргүүлэн, түүний хэрэгжилтийг хангуулах тал дээр хуулийн дагуу ажиллаж байгаа гэлээ. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжүүлбэл холбогдох дээд албан тушаалтанд хариуцлага тооцуулах хуулийн зохицуулалтын дагуу албан шаардлагыг холбогдох албан тушаалтанд өгсөн бөгөөд шаардлагынхаа хэрэгжилтийг ондоо багтааж авах ёстой хэмээсэн.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Завхан аймагт төрийн албаны зөвлөлөөс томилгооны хяналт шалгалт хийхэд 99 томилгоо зөрчилтэй гарсан гэлээ. Тодруулбал 34 нь ерөнхий шалгалт өгөөгүй, 17 нь тусгай шалгалт өгөөгүй, 63 нь албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй байсан. Энэ зөрчлүүдийг арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, төрийн албаны хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, ингэхдээ инноваци ашиглах үйл ажиллагааг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг лавласан.

Үндэсний аудитын газар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Бундхорол, Үндэсний аудитын газар хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбоотойгоор бүтэц зохион байгуулалтынхаа өөрчлөлтийг хийж, Мэдээлэл технологийн төв бий болгон ажиллаж байгаа. Мэдээлэл технологийн төвөөр дамжуулж төрийн бүхий л байгууллагуудын төсөв санхүүг хянах ажлыг боловсронгуй болгохоор Азийн хөгжлийн банктай хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Мөн албан хаагчдаа сургах ажлыг үр дүнтэй болгохын тулд бүх аудиторуудаа чадавхжуулах цахим сургалтын системийг ашиглаж ашиглаж байна. Энэ нь зардал, мөнгө болоод цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой. Түүнчлэн шилэн дансны байнгын хяналтыг хэрэгжүүлэх хяналтын системийг ашиглалтад оруулан, мэдээлэл технологийн боломжийг ашиглаж хүн хүчнийхээ нөөцийг нөхөн ажлаа зохион байгуулж байна гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагууд аудитын дүгнэлтээр зөрчилгүй гарчээ. Яг жилийн өмнө бид Засгийн газрын санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд төсөвт байгууллагуудын төсвийн сахилга бат, яам, агентлагууд хэт өндөр өртөг зардал, албаны автомашины хэрэглээ, төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх талаар санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороо, дэд хороонд хүргүүлж байжээ. Бид бүхний санал, дүгнэлтдээ оруулсан шаардлагын үр дүнд УИХ-аас төрийн хэмнэлтийн бодлогыг баталсан. Бидний ажил урагшилж байна. Сая байнгын хорооны гишүүдийн хэлсэн саналыг холбоглох байгууллагын удирдлагууд анхаарч ажиллаарай гэлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл