УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар өнөөдөр /2018.01.24/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9, 11-р хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар газар дээр нь ажиллалаа.
Тус хороодын нутаг дэвсгэрт байрлах “цагаан байр”-ууд анх 1952-1960 онд ашиглалтад орж байсан ба эдгээр 80 байр цэвэр, бохир усны шугаманд холбогдоогүй тул оршин суугчдын хашаан дотор нүхэн жорлон барих зай талбай үлдээгүй болсон байна. Энэ нь орчны бохирдлыг ихээр үүсгэж улмаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх ноцтой зөрчигдөж буй явдал юм. Мөн 2014 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 10 гаруй га газар талбай гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн ч сонгон шалгаруулалтад тэнцсэн компани нь одоог хүртэл үйл ажиллагаагаа эхлээгүй байна.
Иймд нийт 747 өрхийн 1100 гаруй иргэд болоод орон нутгийн Засаг захиргаа тус “цагаан байр”-уудыг шинэчилэх, нэн тэргүүнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж өгөх хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд удаа дараа ирүүлсэн болно.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд нөхцөл байдалтай танилцсаны дараа иргэдтэй уулзаж, тэдний саналыг сонсохын сацуу хамт ажилласан албан тушаалтнуудаас тайлбар авч, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, тус газрын дахин төлөвлөлт олон жил яригдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүргэсэн, харин өнөөдрийн уулзалтаар энэ асуудал нэг алхамаар урагшилж байна. Учир нь холбогдох яам, газрын албаны хүмүүс, иргэд хамтран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Хамгийн гол нь иргэд өөрсдөө газар чөлөөлөх хүсэлтээ нэгдсэн журмаар бүрдүүлж, газараа үнэлэхдээ бодит байдалтай нийцүүлэхийг тэрээр иргэдээс хүсэв. Түүнчлэн энэ ажил үүгээр зогсохгүй газар чөлөөлөлт, барилгын ажил эхлэхэд тус Байнгын хороо газар дээр нь дахин ажиллаж, хяналт тавих болно гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хот төлөвлөлтөд төрийн хяналт, оролцооны талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр, шинээр бий болох бүсэд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, автотээврийн зогсоол зэрэг цогц төлөвлөлттэй байх ёстой. Ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд төр хариуцлага хүлээж, хугацаанд нь хүлээлгэж өгөх. Мөн иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьж, газар чөлөөлөх асуудлыг богино хугацаанд гүйцэтгэх, мөн “цагаан байр”-ны уугуул иргэдэд байр олгох зэрэг асуудлаар санал хэлэв.
Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн хамт газар дээр нь ажиллахаар Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.