Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын Тамгын газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2022.07.07) Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтыг нээж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Монгол төрийн алба, түүн дотроо хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, парламентат ёсыг бэхжүүлэн, төлөвшүүлэхэд залуу нас, мэдлэг чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмадууддаа хүндэтгэлтэй хандаж, өндрөөр үнэлдэгээ илэрхийлэв. Тэрбээр мөн өнгөрсөн гурван жилд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиосон ч “Ковид 19” цар тахлаас шалтгаалан ахмадуудтайгаа уулзаж чадаагүй ч аюул холдсон энэ боломжийг ашиглан уулзаж, хүндэтгэл үзүүлж буйгаа тэмдэглэн хэлээд Улсын Их Хурал, түүний Тамгын газрын онцлог үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэл, дэвшүүлэн ажиллаж буй томоохон зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 

Түүнчлэн ахмад ажилтнуудынхаа туршлага, зөвлөгөөг авч ажилладгаа илэрхийлэн, төрийн ажлын арвин мэдлэг, туршлагаас суралцах нь хойч үеийн бидэнд үнэлж баршгүй чухал байх болно гээд төрийн алба, хууль тогтоох дээд байгууллагад чин шударгаар хүчин зүтгэж, хөдөлмөрөө үнэлүүлэн, төрийн дээд одон медалиар шагнуулсан ахмад ажилтнуудад баяр хүргээд, нийт ахмадууддаа Үндэсний их баяр наадмаа үр хүүхдүүдтэйгээ дэлгэр сайхан баярлахыг хүсэн ерөөв.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хороо нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 98 ахмад ажилтантайгаас 63 нь өнөөдрийн уулзалт, арга хэмжээнд хүрэлцэн ирснийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл