Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.07.07) 14 цаг 40 минутад эхэлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг АХБ-ны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд Монгол Улсын баруун бүст орон нутгийн иргэдэд түшиглэсэн, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Азийн хөгжлийн банктай байгуулах зээлийн хэлэлцээр нь Монгол Улсын “Олон улсын гэрээний тухай” хуулийн 8.1.2-т заасны дагуу “Гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ” тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм. Иймд зээлийн хэлэлцээрт гарын үсэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээв.
Уг асуудал өнөөдөр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороогоор тус тус хэлэлцэгдэж, төслийн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлснийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уншиж танилцуулав. Тэрбээр, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар зөвшилцөхийг дэмжээгүй болно гэв.
Төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Энхболд нар асуулт асууж, тодруулга авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Ганбат, Б.Жавхлан нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, Монгол Улс уг зээлийг авах тухай хүсэлт гаргасныг Азийн хөгжлийн банк төв дээрээ дэмжсэн юм. Уг зээлийг авахгүй тохиолдолд дараа дараагийн зээл олгох асуудалд сөргөөр нөлөөлнө. Иймд уг асуудлыг дэмжих нь чухал ач холбогдолтой хэмээн танилцуулав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат уг төслийг зөвшилцөхийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд 5 хоногийн завсарлага авах санал гаргав.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг танилцуулж, мөн Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийх гэж байгаатай холбогдуулан уг асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх шаардлагатай хэмээгээд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө.
Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгсөн завсарлагын хугацаа дуусч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 16 цаг 45 минутад Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг үргэлжлэн хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлж дууссан тул Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт “олгоё” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Уг асуудлыг хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.