Цэс

Холбоо барих

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.01.15-21/


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн эрхлэх асуудлын хүрээ, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов. 2018.01.15


 

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2018.01.16

 


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын удирдлага, ажилтнуудыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, цаашдын үйл ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 2018.01.16


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденовыг хүлээн авч уулзаж, талууд транзит тээвэр, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мөн соёл урлагийн салбарт хамтран ажиллахад бэлэн буй талаар санал нэгдэв. 2018.01.18


 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 2018.01.18

 


Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо эхэлж, “Парламентын түншлэл: Энх тайван, шинэчлэл ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд улс төр, аюулгүй байдал, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, жендерийн тэгш байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцов. 2018.01.18

 


УИХ-ын ээлжит чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, бүхэлд нь батлав. 2018.01.19

 


УИХ-ын гишүүн Н.Оюундарь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулав. 2018.01.19

 


УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин сайдын үүргийг түр хамаарагч Рави Шанкер Гоэл болон “Аполло” эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. 2018.01.19

 


Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан юм. 2018.01.19

 

 

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тус чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд хоёр талын хэд хэдэн уулзалт хийж, УИХ-ын гишүүд салбар хуралдаануудад оролцлоо. 2018.01.20


 

БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтын гурав дахь өдөр салбар хуралдаанууд үргэлжилж, гарах шийдвэрийн төслүүдийг эцэслэснээс гадна “Ханойн тунхаглал” баталлаа. Энэ өдөр болсон “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. 2018.01.21

 

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл