Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг Баян-Өлгий аймагт өндөрлөв

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.14) Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд болж өндөрлөв. Төслийн хэлэлцүүлэг өмнө нь Баян-Өлгий аймгийн Өлгий, Толбо сумдад бүсчилсэн хэлбэрээр зохион  байгуулж, иргэд олон нийтийг  өргөнөөр хамруулсан билээ. Уг хэлэлцүүлэг нь төслийн талаар иргэдийн саналыг авах, олон нийтийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой.

Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан, Улаанхус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Б.Еркебулан  болон Улаанхус, Ногооннуур, Цэнгэл сум, Цагааннуур тосгоны 107 иргэн, олон нийт оролцов. 

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталж байсан. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш хоёр дахь удаагаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байна. Уг төслийн хэлэлцүүлгийг олон нийтээр өргөнөөр хэлэлцүүлж байгаа тул бид бүхэн идэвхтэй сайн оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэж онцлов. 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болон бүтцийг нь эвдэхгүй, улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж төслийг боловсруулсан. Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэхүү төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт  оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Иргэдийн зүгээс Тосгоны Засаг даргыг хэн томилох вэ, томилогдсон хүмүүст боловсролын түвшингээс эхлээд тодорхой шалгуур тавих уу, Улсын Их Хурлын гишүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, эгүүлэн татах асуудал тусгагдсан уу гэж асууж байв. 

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж тусгасан байгаа. Төсөл батлагдвал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн зохицуулалт хийх шаардлага гарна. Мөн төсөлд баг, хороо, тосгоны Засаг даргыг  ямар шалгуураар томилох талаар тусгагдаагүй ч, төсөл батлагдвал Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар сонгох боломж нээгдэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах санал иргэдийн зүгээс цөөнгүй гарч байгаа. Одоогоор төсөлд энэ асуудал тусгагдаагүй байгаа. Гэхдээ иргэд та бүхэн төсөлд тусгагдаагүй асуудлын талаар тодорхой саналтай байвал саналаа бичгээр өгч болно. Ажлын хэсэгт та бүхний санал тус бүрийг танилцуулах юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших, сонгох сонгогдох эрхийн талаар тодорхой тусгагдсан байдаг. Улсын Их Хурлын гишүүний  мэдлэг боловсрол, нас, мэргэжилд тодорхой шалгуур тавих саналтай байвал бичээд өгч болно гэж байлаа. 

        Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан “Улсын Их Хурлын гишүүдийг сонгоход насны хязгаарыг өндөрсгөж 40-45 болгохын зэрэгцээ хоёроос доошгүй мэргэжилтэй байх шалгуурыг тавьж өгмөөр байна. Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал нь Ерөнхий сайдын эрх мэдлээс хуваалцаад байна” гэсэн бол Цагааннуур тосгоны иргэн Н.Бибиш “Одоо Цагааннуур тосгон Ногооннуур сумд харьяалагдаж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгож тусгаж өгсөнд талархаж байна. Цагааннуур тосгоноо сум болгох саналтай байна” гэж байлаа.

Иргэдийн олонхи нь  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нийгэм эдийн засгийн байдлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын асуудлаар тодорхой асуудал тусгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 62 сургагч багш нарыг бэлтгэж, ном, гарын авлагаар хангасан юм. Төслийн хэлэлцүүлэг  маргааш Увс аймгийн Өмнөговь суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл