Цэс

Холбоо барих

Б.Есей: Засгийн газарт улс орноо хөгжүүлэх эрх мэдлийг нь бүрэн олгож, хариуцлага тооцох асуудлыг дэмжиж байна



Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.11) Баян-Өлгий аймгийн Өлгий хотод боллоо. Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон Өлгий, Сагсай, Бугат, Алтанцөгц, Баян нуур, сумын  нийт 186 иргэд, олон нийтийн төлөөллөл оролцов.




Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр Толбо сумаас эхэлж, Толбо, Буянт, Алтай, Булган, Дэлүүн сумын төлөөлөл болсон 64 сургагч багш нарыг бэлтгэн, 120 гаруй хүний саналыг сонссон. Өнөөдөр Өлгий хотод уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 25 жилийн өмнө батлахад Монгол Улс нэг сая 200 мянган сонгогчтой байлаа. Үүнээс хойш 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөө хэр сайн муугаар яригддаг. Энэ удаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг ард иргэдээрээ өргөнөөр хэлэлцүүлэхээр болсон тул бид бүхэн идэвхтэй сайн оролцож, зөв асуудлыг тусгаж чадвал улс орны маань ирээдүйн хөгжилд эерэгээр нөлөөлнө” гэдгийг онцлов.

           Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан  сэдвийн хүрээнд танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

       Иргэдийн зүгээс аймаг, сумын Засаг даргыг сонгох асуудал өөрчлөгдсөн үү, баг, хорооны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгохдоо тодорхой шалгуур тавих уу, Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг хэрхэн тусгасан бол, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлавал сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ, Улсын Их хурлын гишүүн төсөв санаачлах эрхийг хасч байгаагийн учир шалтгаан зэргийг илүүтэй  тодруулж байлаа.


        Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах асуудал нь одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хамаарахгүй. Төсөлд туссан энэ асуудал дэмжигдэж батлагдвал дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа буюу  2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

     Мөн Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын саналыг авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэж төсөлд тусгасан байгаа. Энэ нь Улсын Их Хурал төсвийн хуулийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих боломжийг хангах, Засгийн газар төсвийн гүйцэтгэлийг бүрэн хариуцахад чиглэсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад зардлын шинэ төрөл үүсгэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлдэг сөрөг тал гарсаар байгаа. Үүнийг зохицуулахаар дээрх заалт чиглэж байгаа.


Зөвлөлдөх санал асуулгаар Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар томилох Үндсэн хуулийн энэ заалт хөндөгдөөгүй. Мөн уг төсөлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал ч хөндөгдөөгүй. Харин баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж өөрчлөхөөр төсөлд туссан байгаа. Баг, хороо, тосгоны Засаг даргыг томилох шалгуурыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал холбогдох хуулийн төслүүдэд нарийн тусгаж, зохицуулна гэсэн хариулт өгөв.  Мөн Төрийн албаны зөвлөл нь Үндсэн хуулийн мэдлийн байгууллага болсноор хараат бусаар ажиллах эрхийг нь  хангахаар төсөлд тусгагдсан гэлээ.

Асуулт, хариултын дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Ц.Одгэрэл “Баг, хороо, тосгоны Засаг даргыг дээд шатнаас нь томилохоор төсөлд тусгасныг дэмжиж байна. Учир нь багийн Засаг даргыг мэдлэг, боловсрол тааруухан, танил тал, ойр дотны хүмүүсээ сонгон ажиллуулж, ажил цалгардуулж байна. Түүнчлэн сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдын халгаа сэлгээний асуудал газар авсан. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө төрийн албыг тогтвортой байлгах асуудал тусгагдсаныг зүйтэй гэж бодож байна” гэсэн бол Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Б.Есей “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хүрээг ялган зааглаж, зарим талаар хязгаарлаж байгааг зөв гэж бодож байна. Засгийн газарт улс орноо хөгжүүлэх эрх мэдлийг нь бүрэн олгож, хариуцлага тооцох асуудлыг дэмжиж байна” гэв.



Түүнчлэн Өлгий сумын  гуравдугаар багийн иргэн А.Жангирхан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улстөржиж, намчирхах өнцгөөр биш алсыг харж, өргөн цар хүрээтэй хандах нь чухал. Монгол Улсын цаашдын 20-30 жилийн хөгжлийн хэтийг харахад төсөлд маш зөв асуудлыг тусгаж хөндсөн байна” гэж байлаа. Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 68 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Төслийн хэлэлцүүлэг Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл