Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.11) нийслэлийн Хан-Уул дүүрэгт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт тус дүүргийн 330 иргэн оролцлоо. Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.
Хэлэлцүүлгийг нээж Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлсэн үгэндээ “Өнөө цагт нийцүүлэн нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын томоохон өөрчлөлтүүдийг хийхийн тулд Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгараад буй. Төрийн институцийн эрх, үүрэг давхцан, хариуцлагын зарчим алдагдах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг, үүн дээр иргэд Та бүхний санал тун чухал. Олон нийтийн оролцоог хангаж, Та бидний гаргасан саналуудыг тусган, олон үе шаттайгаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж буй энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаснаар цаашид урт хугацаанд Монгол Улсын эрх зүйн суурь болох юм. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт бүгд идэвхтэй оролцоорой” гэлээ.
Хан-Уул дүүрэгт болсон олон нийтийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан оролцлоо. Тэрбээр “Тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт хийх цаг мөн эсэхийг олонтаа ярьдаг. Гэхдээ цаг хугацааны шалгуур, нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс Үндсэн хуулийн зарим нэг заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах нь зүйтэй гэж гадаад, дотоодын эрдэмтэн судлаач оролцсон удаа дараагийн эрдэм шинжилгээний хурлуудын санал, дүгнэлт, Засгийн газар, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтүүдэд дурдсан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар 2016 онд байгуулагдсан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгээс 21 аймаг, 9 дүүргийн 3,692 иргэнийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс санал авч, судалгаа явуулахад мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол амьдралаас урган гарсан шийдвэр гэж хэлж болно” гэлээ. УИХ-ын Тамгын газраас энэхүү төслийн хэлэлцүүлгийг долдугаар сарын 31-ний өдрөөс эхлээд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь аймгуудад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд өнөөдрөөс нийслэлийн дүүргүүдэд хэлэлцүүлж эхэлж буйг тэрбээр дурдав. Өнөөдрийн байдлаар 2886 иргэн төсөлд оруулах саналаа бичгээр буюу саналын хуудсаар дамжуулан өгөөд байгаа аж.
Төрийн оролцоог тэгш хангах, тэр дундаа
шүүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох дээд байгууллагуудын
хоорондын уялдаа холбоог сайжруулах, хяналтын тогтолцоог сайн болгох,
давхардлыг арилгах зэрэг үндэслэл шаардлагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахаар шийдвэрлэсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн
Б.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөөгүй, харин хэд
хэдэн зүйлд нэмэлт, өөрчлөлт хийхээр төслийг Та бүгдэд хүргүүлж байна. УИХ-ын
Тамгын газрын мэргэжилтнүүд Та бүгдэд эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл,
танилцуулга хийсний дараа Та бүгд асуух тодруулах зүйлээ лавлаж, саналын
хуудсаар дамжуулан өөрсдийн саналаа бичгээр гаргаж өгөөрэй” гэсэн.
Үүний дараа Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвүүдээр тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх зургаан багц сэдвийн танилцуулгтай холбогдуулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н.Наранцацралт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаад талархалтай хандаж буйгаа хэлээд төсөлд Засгийн газрын гишүүдийн 1/3 хувь нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгаж буй өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Мөн Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлд
“…Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар доор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй, дотоод хэргийн яам;
2/Сангийн яам;
3/Гадаад хэргийн яам;
4/Батлан хамгаалах яам;
5/Байгаль орчны яам.
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар Улсын Их Хуралд саналаа оруулж болно…” гэсэн дээр нэмж боловсрол хариуцсан төрийн захиргааны төв байгууллагыг тогтсон нэрээр тусгаж оруулах саналтай байгаагаа илэрхийллээ. Иргэн Н.Наранцацралтын энэхүү саналыг олон хүн дэмжиж буйгаа асуулт хариултын үеэр дэмжиж буйгаа хэлж байсан.
Харин тус дүүргийн 3 дугаар хорооны иргэн Сурмаажав Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн албыг улс төрөөс ангид, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, төрийн бодлогын үр нөлөөг тогтвортой байлгах ач холбогдол бүхий заалтуудыг хөндөж, тусгаж байгааг дэмжиж байгаа хэллээ. Тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн Аюуш багийн Засаг дарга нарыг мэдлэг, ур чадварыг харгалзан сонгон шалгаруулж томилдог байхын зэрэгцээ кабинетаараа ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийж өгвөл нэг зорилгын төлөө хариуцлагатай, үр дүнтэй ажиллах бололцоо бүрдэнэ хэмээн үзэж байна гэв. Ийнхүү Хан-Уул дүүргийн иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт тун идэвхтэй оролцсон бөгөөд 268 иргэн саналын хуудсаар дамжуулан төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд УИХ-ын Тамгын газраас томилсон долоон баг Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.