Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав өнөөдөр (2017.07.04) Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг Элчин сайд Жан Жак де Дарделыг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд Монгол-Швейцарийн
парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав “Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарийн парламентын бүлэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Швейцарийн Холбооны Улсын Элчин сайдын
яамны Консулын хэлтэс, Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газартай үр
дүнтэй хамтран ажилладаг. Монгол Улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн хөгжил,
байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар удаа дараагийн хамтын хэлэлцүүлэг
явуулж, саналаа солилцож байсан. Мөн Швейцарийн Холбооны Улсаас манай улсад
хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж ирсэн.
Өнөөдөр Швейцарийн Холбооны Улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хавсран ажилладаг
ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа
баяртай байна” гэв.
Элчин сайд Жан Жак де Дардел хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байдгаа илэрхийлээд “Монгол Улсын иргэдийг Швейцарь Улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байгаа. Энэ асуудал удахгүй амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хоёр улсын иргэд албан болон дипломат ажлаар визгүй зорчих асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэлээ. Швейцарийн Холбооны Улсад 2000 гаруй монгол иргэн оршин сууж, ажиллаж амьдардаг юм байна.
Уулзалтын үеэр Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Элчин сайдад товч мэдээлэл өгөв. Олон улсын валютын сантай хамтран ажилласнаар эдийн засгийн хямралаас гарч, эдийн засгаа тогтворжуулж чадсан талаар тэрбээр мэдээлэл өгөөд манай улсад шийдвэрлэхэд хүндрэлтэй, тулгамдсан асуудал болоод байгаа агаар, хөрсний бохирдлын асуудлаар Парисын гэрээ хэлэлцээрт хамрагдсан, хамтын ажиллагаатай улс орнуудын хэмжээнд анхаарал тавьж, хамтарч хамтарч ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.
Тэрбээр мөн Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага манай улстай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг арилгах, бэлчээр хамгаалах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлүүдээр тууштай хамтран ажиллаж, “Нэг цэгийн үйлчилгээ” нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэнд талархалтай ханддагаа илэрхийлсэн төдийгүй Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын шугамаар манай улсад 2003 оноос хойш 40 орчим сая швейцарь франкийн хөгжлийн тусламжийг байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгэм, соёлын салбарт үзүүлсэнд болон Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегийн баримт бичигт Швейцариас хөгжлийн тусламж олгох орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаасанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.