Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Оюундарь БНСУ-ын Жон Сон Гон сумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2017.08.16) БНСУ-ын Жон Сон Гон сумын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь “Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсоны хувьд миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, БНСУ-ын Жон Сон Гон сум хамтын ажиллагаа тогтоож, харилцан туслалцаж, хөгжөөсэй гэж хүсч байгаа юм. Энэ хүсэлтийг  хүлээн авч, анхны танилцах аялалаа манай улсад, тэр дундаа Сэлэнгэ аймагт хийж байгаад таатай байна. Сэлэнгэ аймаг Монгол Улсын газар тариалангийн стратегийн бүс нутаг болохын хувьд энэ давуу талдаа түшиглэн хамтын ажиллагаа тогтоох хүсэлтэй байна” гэв.

Тэрбээр мөн аялал жуулчлал, хүнсний ногоо, тариалан эрхлэлтийг хөгжүүлэхэд хоёр талаасаа ярилцан, хамтран ажиллах боломжтой гээд Сэлэнгэ аймгийн талаар товч мэдээлэл өглөө.

БНСУ-ын Жон Сон Гон сумын Орон нутгийн Засаг захиргааны дарга Ким Субог УИХ-ын гишүүн Н.Оюундарьд Монгол Улсын Төрийн ордонд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумтай  хамтын ажиллагаа тогтоох хүсэлтийг халуун дотноор хүлээн авснаа хэлсэн юм. Тэрбээр Жон Сон Гон сумынхаа талаар товч мэдээллийг өгөхдөө “Жон Сон Гон сум нь 40 мянган хүн амтай, газар нутгийн хувьд уулархаг бүсэд оршдог учир аялал жуулчлалд түшиглэн хөгжиж байгаа. Жилдээ 100 сая жуулчин хүлээж авдаг. Аялал жуулчлалын чиглэлээр туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.


БНСУ-ын Жон Сон Гон сумын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн хөшөө дурсгал, хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ.

Уулзалтад Жон Сон Гон сумын Орон нутгийн Засаг захиргааны Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга,  Аялал жуулчлалын төлөвлөлтийн ажилтан зэрэг хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл