Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав. Харин Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгасан 5 их наяд 835.0 тэрбум төгрөгийн орлого, 9 их наяд 495.3 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлийг аудитаар баталгаажуулснаас гадна Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн. Мөн Байнгын хорооны харьяа Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн гэдгийг онцлов.
Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, Татварын ерөнхий газрын аппаратын нэг тэрбум 748.8 сая төгрөгийн он дамжиж, хуримтлагдсан авлагыг барагдуулах, аудитаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил хангалтгүй байгааг анхаарч Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, дотоод хяналт, дотоод аудитын ажлын үр нөлөөг сайжруулахаар нийт гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагч Сангийн сайдад хүргүүлсэн гэдгийг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Үндэсний аудитын газрынхнаас асуулт асуув. Тэрбээр “Тайлангийн 6.2-т 2015 оны 12 дугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Архангай аймгийн Хайрхан сумдад нийт 2.2 тэрбум төгрөгөөр сум дундын нийгмийн даатгалын тасгийн барилга барьсан нь хэр бодитой тоо вэ. Таван аймагт барилга барихад ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдэг нь эргэлзээтэй” гэж байлаа. Үндэсний аудитын газрынхан энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын гишүүнд бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр өмнөх дөрвөн жилд Нийгмийн даатгалын хэлтсийн барилга байшин барьдаг байсан замбараагүй явдлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө зөвхөн өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжид зориулагдаж байхаар болсон” гэдгийг онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон.
Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлжээ. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирсон аж.
Хөтөлбөрийн нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд есийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамдууд хариуцан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авахаар болжээ. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж
асуулт асуух гишүүн байгаагүй тул "Хөгжлийн бодлогын
зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжив. Байнгын
хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр
боллоо.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен. Зээлийн хүү нь жилийн 0,8, урьдчилгаа шимтгэл нь 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь зургаан жил юм.
Энэхүү бодлогын зээл нь Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэдгийг онцолсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, “Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа улс орны төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцлийг харгалзан УИХ-ын 2018 оны урсгал төсвийг 2017 оны түвшингээс нэмэгдүүлэхгүй байх, Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн төслийг 2017 оны түвшинд тооцох, ингэхдээ Байнгын хороодод ажил хэмжээтэй төсөв байх, Улсын Их Хурал дахь намын бүлгийн төсвийн төслийг бүлгийн ажлын алба болон бүлгийн гишүүдэд оногдох зардлын хэмжээ нь нэг хүнд адил байх, орон тоо, цалингийн хэмжээ, хоол, унааны хөнгөлөлтийн зардлыг одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд тооцох, хөрөнгө оруулалтаар 2018 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нэр, төрөл, тоогоор гаргаж, шаардагдах төсвийг тооцох зэрэг зарчмыг баримталсан гэдгийг дурдлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг нийт дүнгээр 28123.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 23491.9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 1913.3 сая төгрөг, гадны орны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн орлого, зардлыг 2717.8 сая төгрөг байхаар тооцсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг төсвийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийг хэлэлцлээ
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар хийв.
Тэрбээр, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд ... төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.” гэж заасны дагуу төрийн аудитын байгууллагын 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн аудитын хөгжлийн хөтөлбөр, төрийн аудитын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын 2018 оны нийт зардлыг 21,598.7 сая төгрөг байхаар тооцсон 2017 оны батлагдсан төсвөөс 12,286.2 сая төгрөгөөр буюу 57.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс урсгал зардалд 14,047.3 сая төгрөг, хөрөнгийн зардалд 7,551.4 сая төгрөг төлөвлөсөн болно. Урсгал зардлын 61.3 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 38.7 хувь буюу 5437.1 сая төгрөгийг бусад зардал эзэлснийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газрын төсөв 9.3 тэрбум байсныг ирэх жил 21 тэрбум төгрөг болохоор төлөвлөжээ. Улс орны эдийн засаг хүнд байхад орон сууцны дэмжлэг үзүүлэх, барилга байгууламж барих төсвийн боломж байхгүй. Тиймээс энэхүү төсөв нэмсэн зардлаа хасаад Үндэсний аудитын газрын төсвийн төслийг оруулж ирэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Ингээд УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан Үндэсний аудитын газрын төсвийг төслийг зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.