Цэс

Холбоо барих

Э.Цасчихэр: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд аймгийн төвүүдийг хот болгохоор тусгасныг дэмжиж байна

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, олон нийтийн санал, бодлыг шийдвэр гаргагчид хүргэх зорилготой ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.16) Увс аймгийн Улаангом сумын Ойрад хөгжимт жүжгийн театрт боллоо.


Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Цогтсайхан болон төвийн бүсийн Улаангом, Сагил, Түргэн, Тариалан, Давст сумын 233 иргэн, олон нийт оролцов.

         Хэлэлцүүлгийг нээж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр Өмнөговь суманд болсон. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн энэ төсөл нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой учир та бүхнийг идэвхтэй сайн оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэсэн юм.



        


Улсын Их Хурлын  гишүүн Ч.Хүрэлбаатар, 1992 онд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлахаас өмнө ард түмнээрээ хэлэлцүүлж байсан. Үүнээс хойш 25 жилийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна. Шинэ Үндсэн хууль баталснаас хойш Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжлөө эргэн харж, алдаа оноогоо шүүгээд, цаашид ямар өөрчлөлт хийх талаараа санал бодлоо тусган Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо. Миний хувьд энэ төсөлд өөрийн байр суурьтай байгаа ч та бүхний саналыг хүндэтгэн, дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болон бүтцийг нь эвдэхгүй, улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж уг төслийг боловсруулсан байна. Төсөл батлагдсанаар төрийн эрх мэдлийн институт хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдал сайжрах, Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь оновчтой болох, төрийн хариуцлага сайжрах, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.


Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд энэхүү төсөлд тусгагдсан сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Иргэдийн зүгээс төслийн талаарх олон нийтийн саналыг хэдий хугацаанд, ямар хэлбэрээр хүлээн авах, ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульд үндсэн чиг үүргийн яамдын нэрийг зааж өгсөн нь бусад яамдыг ялгаварлан гадуурхсан эсэхийг тодруулж байлаа. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч байгаатай адил Засгийн газрын хууль санаачлах эрхийг хасч болох уу гэдгийг ч сонирхож байв.


Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд хариултдаа, Төслийн хэлэлцүүлэг үргэлжлээд сум, багийн түвшинд зохион байгуулагдана. Тиймээс малчид, иргэд хэн бүхэн төслийн талаарх саналаа  ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өгч болно. Мөн forum.parliament.mn цахим хаягаар орж, саналаа өгч болно. Одоогоор 7000 иргэн хандаж, 70 гаруй санал өгөөд байна. Түүнчлэн "Монгол шуудан" компанитай ярилцаад иргэд, малчид, олон нийтийн төслийн талаар болон төсөлд тусгагдаагүй саналыг үнэ төлбөргүйгээр авахаар болсон. Иймд та бүхэн харьяа шуудангийн салбартаа очоод саналаа өгч болно. Мөн төслийн талаар санал авах тусгай утас ажиллуулах асуудлыг ярилцаж байна. Иргэд, олон нийтээс ирсэн бүх саналуудыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд нэгтгэнэ. Саяхнаас Үндсэн хуульд оруулах, нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ирж байгаа саналуудыг ангилж, цэгцлэх ажил эхэлсэн. Олон нийтээс ирсэн төслийн талаарх саналыг нэгтсэн Ажлын хэсэгт нэг бүрчлэн танилцуулсны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн боловсруулж, өргөн мэдүүлнэ. Үүний дараа ард түмний санал асуулга явуулах чигтэй байгаа хэмээсэн.


Түүнчлэн Үндсэн хуульд яамдын нэрийг зааж өгөөгүй байгаа. Энэ нь Засгийн газрын тухай хуулиар зохицуулагддаг. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд үндсэн чиг үүргийн яамдыг нэрлэн тусгахаар болсон. Ингэснээр яамдыг бүтэц, бүрэлдэхүүн тогтвортой байх, бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халах, солих байдал үгүй болно. Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлсэн нам, Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй байдаг. Засгийн газар нь мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлдээ нийцүүлэн хууль санаачлах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Тиймээс Засгийн газар хууль санаачлах чухал субьект байх нь зөв гэж хариулж байлаа.


               Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Тухайлбал, Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн иргэн Э.Цасчихэр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд аймгийн төвүүдийг хот болгохоор тусгасныг дэмжиж байна. Ингэснээр тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших насыг 35, Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 55, шүүгчдийн насыг 45 болгох хэрэгтэй” гэсэн бол Увс аймгийн Улаангом сумын иргэн Н.Нансалжав “Сумын Засаг даргыг ард нийтээр нь сонгодог болгох шаардлагатай. Мөн баг, хороо, тосгоны Засаг даргыг шууд томилохыг дэмжиж байгаа ч тодорхой шалгуур тавимаар байна” гэж байлаа.

               Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах, сумын Засаг даргыг ард нийт нь шууд сонгодог болох, нийгмийн асуудлыг тодорхой тусгах, төрийн  хариуцлагын асуудлыг нэмэх, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож, сонгуулийг нь нэгэн зэрэг хийх, нэр дэвшигчдийн насны хязгаарыг өндөрсгөх, баг, сумын Засаг даргыг сонгохдоо боловсролын түвшингээс эхлээд тодорхой шалгуур тавих, Улсын Их Хурлын гишүүдийн давхар дээлийг тайлах шаардлагатай  гэсэн саналуудыг хэлж байв.

Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулах аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагын 135 сургагч багш нарыг бэлтгэж, ном, гарын авлагаар хангасан юм. Төслийн хэлэлцүүлэг маргааш Увс аймгийн Баруунтуруун суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл