Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 25 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 25 дахь дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.


Дээрх хуульд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2018 оны 1.8, 2019 онд 8.1, 2020 оны 5.3 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 2018 онд 6.1, 2019 онд 6.9, 2020 онд 6.5 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2018 онд 6,808.4 тэрбум, 2019 онд 7,803.1 тэрбум, 2020 онд 8,759.2 тэрбум төгрөг байна хэмээн баталжээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах үед дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл