Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтын "Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

2014.06.03                                                                                                                                                          Төрийн ордон

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол тэтгэврийн даатгалын тогтолцоо юм. 1994 онд Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуулиудыг баталж, ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог хуваарилалтын тогтолцоонд шилжсэн билээ.

Улсын Их Хурал 1999 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлийг баталж, төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж, тэтгэвэртээ гарахдаа эргүүлж авах иргэдийн сонирхлыг хөхиүлэн дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах зэрэг ирээдүйн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлжээ.

Одоо бол тухайн үеийн тэтгэврийн даатгалын тогтолцоог тэтгэвэр бодох аргачлал нь төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралгүй, тэтгэврийн санг өсгөж арвижуулах механизм бүрдээгүй, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлтэй уялдаа холбоогүй зэргээс шалтгаалан хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гэж үзэх боллоо.

Түүнчлэн хүн амын насжилт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн даатгалын санд санхүүжилтийн бэрхшээл учирна гэдгийг ч төсөөлж байсан юм.

Тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжүүлж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн ч тэтгэврийн асуудлаар дэвшүүлсэн зорилт, нийгэм, эдийн засгийн боломж өнөөг хүртэл бүрдэж чадсангүй. Инфляцийн түвшин, үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийн хувь хэмжээг нэмдэг ч энэ нь ахмад настнуудын амьжиргааны наад захын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй хэвээр байна.

Тэтгэврийн тогтолцоонд үүсээд байгаа хямралыг багасгах зорилгоор тодорхой алхмуудыг хийсэн ч тэтгэвэр авагчдын амьдрал ахуйд нөлөөлөхүйц үр дүнд хүрч чадсангүй. Өнөөдөр эдийн засгийн идэвхтэй хүн амын дөнгөж 63 орчим хувь нь тэтгэврийн албан журмын даатгалд хамрагдаж байна. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсдын дийлэнх нь тэтгэврийн даатгалд хамрагдаагүйгээс тэдний ирээдүйн нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдаж, тэр хэрээрээ улсын төсөвт ачаалал учруулж эхэллээ.

Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болж, тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч, иргэдийн амьжиргааны түвшин буурах хандлагатай боллоо.

Тэтгэврийн даатгалын сангийн хувьд 2013 оны эцсийн байдлаар орлогын гүйцэтгэл 635.0 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 811.0 тэрбум төгрөгт хүрч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсэн нь тэтгэврийн даатгалын сан өөрийгөө санхүүжүүлэх боломжгүйг нотлон харуулжээ. Энэ бүхэн биднийг тэтгэврийн талаар дорвитой шинэчлэл хийх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байна.

Тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлэх, шимтгэлийн болон тэтгэврийн зохистой хувь хэмжээг тогтоох, тэтгэвэр бодох аргачлалыг сайжруулах, тэтгэврийн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сангийн хөрөнгийг даатгуулагчдад нээлттэй ил тод болгох, сайн дурын даатгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

Зарим судлаачдын үзэж байгаагаар нэрийн дансны тогтолцоог хэрэгжүүлснээр 1960 буюу түүнээс хойш төрсөн тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоох хувь хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

Иймд тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийхдээ өөрийн орны онцлогт нийцсэн, эдийн засгийн чадавхи, нөөц бололцоонд тулгуурласан, хэрэгжих бүрэн боломжтой хувилбарыг санал болгох хэрэгтэй байна.

Цаашид тэтгэврийн тогтолцоонд эрс өөрчлөлт, шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх, хуримтлагдсан өр, авлагыг багасгах, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байна.

Та бүхэн энэхүү хэлэлцүүлгээр тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах үнэтэй санал, зөвлөмжийг гаргана гэдэгт итгэлтэй байна.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл