Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тодруулбал, шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онуудад Монгол Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “...эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ.” хэмээн тусгажээ.
Мөн Монгол Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 09-нийн өдөр баталсан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар Үндсэн хуульд итгэх олон нийтийн итгэл, түүний хууль ёсны байдлыг улам бүр нэмэгдүүлэх болно.
Иймд Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан болно.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараахь дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан. Нэг дэх шатны хүрээнд 2016, 2017 онуудад зохион байгуулагдсан хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, дүгнэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулжээ. Уг ажлын хэсэг 21 аймаг, 9 дүүргийн 3,692 иргэнийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн бодлыг тандан судалсан юм.
Хоёр дахь шатанд, 2016 онд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судалсан байна. Тус ажлын хэсэг 2012-2016 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлын судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан Улсын Их Хуралд суудалтай намын төлөөлөл оролцож боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ-ын Тамгын газрын судалгааны албаар хийлгэсэн судалгаа, шинжилгээнүүд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн судлаачдын ажлын хэсгийн тайлан, эрдэм шинжилгээний бага хурлуудаас гарсан санал, зөвлөмжүүд, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн судалгаа, дүгнэлтээс үндэслэн Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх 6 сэдвийг баталсан. Улсын Их Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан юм.
Гурав дахь шатанд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 50 хувийн төлөөлөл болох 785 иргэнийг сонгон 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулав.
Дөрөв дэх шатанд, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон.
Олон нийтийн хэлэлцүүлэг гурван үе шаттай явагдана. УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэнэ. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм. Хэлэлцүүлгийн дүнд иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 6 багц сэдвийн хүрээнд саналаа өгнө. Энэ нь 1/ Монгол Улсын Их Хурал, 2/ Монгол Улсын Ерөнхийлөгч, 3/ Монгол Улсын Засгийн газар, 4/ Төрийн алба, 5/ Шүүх эрх мэдэл, 6/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй бусад санал өгөх боломжтой аж.
Ингээд УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.
Энэ хүрээнд төсөл хэлэлцүүлэгч эхний баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.07.31) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгуулж байна.
Сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд хамрагдав. Сургалтыг нээж Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, Монгол Улсын суурь, эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг авснаар төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийн сацуу монгол орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэл болоод сайн сайхны төлөө хийж буй томоохон үйлс мөн хэмээн онцолсон юм.
Сургалтын үеэр төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багцалсан 6 сэдвийн дор дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд дээрх 6 сэдвийн хүрээнд иргэдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.