Цэс

Холбоо барих

Б.Цэдэнбал:Нутгийн өөрөө удирдах байгууллагыг Үндсэн хуулиар бэхжүүлэх шаардлагатай байна

Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас долоон баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж эхлээд байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Улсын Их Хурлын Тамгын газрын гурав дахь багийнхан энэ сарын 07-17-ны өдрүүдэд  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг  Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн зургаан суманд зохион байгуулахаар болж, төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07)  Ховд аймгийн Мөст сумаас эхлүүллээ.




Тус сумын  Соёлын төвд  болсон уг хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Мөст сумын Засаг дарга Б.Сугарбат, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Болдхүү болон Мөст, Үенч, Алтай, Булган, Мөнххайрхан, Цэцэг сумын  нийт 67 иргэн хамрагдлаа.

Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс улс орны хөгжил, цаг үеийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд нийгэм, эдийн засаг, улс төрийн эдгээр өөрчлөлтөөс хамаарч  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тодруулбал, шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбогдсон зарим нэг асуудлыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч байна гэдгийг онцлов.




Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн орон нутагтаа зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангасан юм.

Улсын Их Хурлын Тамгын газрынхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгагдсан “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн сэдвүүдээр танилцуулга  хийж, хэлэлцүүлэгт  оролцогч иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.  

Иргэдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн мэргэшсэн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах талаар тодорхой заалт туссан эсэх, засаг захиргаа нутгийн удирдлагын тогтолцоог хэрхэн бэхжүүлэхээр тусгасан, Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа дотооддоо хэр их судлагаа хийж, олон нийтийн саналыг сонссоныг  илүүтэй тодруулж байлаа.




Төрийн албаны зөвлөлийг  улс төрөөс хараат бус Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох, төрийн жинхэнэ албыг тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлнэ. Төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад шалтгаанаар албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн төсөлд оруулахаар тусгасан.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэл, хотод, аймаг нь сум, хот, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдахаар хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор төсөлд тусгасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг төсөлд тусгагдсан асуудлаар дотооддоо олон удаагийн судалгаа хийж, ард иргэдийн саналыг шат дараатай сонсч, хэлэлцүүлгүүд хийсэн. Энэ удаагийн хэлэлцүүлгээр  ч төслийг олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийнхээ санал авахаар ажиллаж байгааг УИХ-ын Тамгын газрын холбогдох ажилтнууд хариулж байлаа.



 

Асуулт, хариулт дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийт саналаа хэлэв. Тухайлбал, Ховд аймгийн Булган сумын иргэн Х.Мухараа “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна. Зарим улс төрийн намууд ийм өөрчлөлт хийх шаардлагагүй гэж хэлж ярих боллоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эхлээд дордуулсан долоон заалтыг өөрчлөхийг дэмжиж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн боловсролд шалгуур тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байна” гэв.




Мөн Ховд аймгийн Мөст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Цэдэнбал “Сум, багийн Засаг даргыг сонгохдоо ард иргэдээс нэрийг нь дэвшүүлэх шаардлагатай байна. Тэгж байж хэн нэгний томилгоогоор дарга сонгодог энэ жишгийг халах учиртай. Түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг Үндсэн хуулиар бэхжүүлэх шаардлагатай байна” гэдгийг хэлж байлаа.

       Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээр саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авснаар энэ удаагийн хэлэлцүүлэг өндөрлөв. Ийнхүү иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.

       Төслийн хэлэлцүүлэг маргааш Ховд аймгийн төвд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл