УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Байнгын хороод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлж байгаа билээ. Байнгын хороод тус бүр гурван аймаг, аймаг бүрт нэгээс хоёр суманд иргэдийн дунд төслийн талаарх бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийн төв Чингис, Сүхбаатар аймгийн төв Баруун-урт, тус аймгийн Дарьганга суманд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдээр хэлэлцүүлсэн бол өнөөдөр (2017.08.07) Дорнод аймгийн төв Чойбалсан хотод төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэг дэгийн дагуу явагдсан бөгөөд төслийн дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэний дараа иргэд төсөлтэй холбоотой асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийлсэн юм.
Иргэдийн олонх нь нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж буй өнөө үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод төслийг маш нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж энэ үеэр онцолж байлаа.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн Б.Гантулга, гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор байсныг дөчин нас, хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болохоор байсныг гучин нас болгон өөрчлөх саналыг дэмжиж байна. Хүний гэм буруутайг дэнсэлдэг шүүгчдийн насыг улам нэмэгдүүлэх ёстой хэмээв.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн Ж.Чимгээ багийн Засаг даргыг харьяалах сумын
Засаг дарга томилох асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн ч багийн Засаг
даргаас төрийн албан хаагчийн шалгалт авдаг байх нь зөв гэсэн юм.
Төгсгөлд нь иргэдээр саналын хуудас бөглүүлж, бичгээр санал авснаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.