Цэс

Холбоо барих

Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай, хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 03-ны өдөр хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Д.Лүндээжанцан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль санаачлагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, алслагдсан сум, суурин газарт гал түймэр унтраах сайн дурын нэгж, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжүүлэх, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой барилгын дүрэм, норм, стандарт хоорондын уялдааг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд мэргэжлийн байгууллагын хүмүүсээс хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж нар ой, хээрийн түймэр болон обьектын гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зохицуулалтыг нэгдсэн байдлаар хуулийн төсөлд тусгах, галын аюлгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гал унтраах дуудлагын үед хурдан очих шаардлагатай тул энэ үеийн замын хөдөлгөөний зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, обьектуудыг галын даатгалд хамруулах, уг хуулийн төслийг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдтэй уялдуулах нь зүйтэй зэрэг саналуудыг тус тус гаргаж байсан болно.

Уг хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.


Анхаарал тавьсанд баярлалаа.



ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл