Цэс

Холбоо барих

Бүсчилсэн сургалт Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдлаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр (2017.08.02) Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдав.




Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд болон нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийн нэгдүгээр шатны хүрээнд УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэж байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм.



 

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн бүсчилсэн гурван хэсэгт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр та бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал бодлоо илэрхийлж, дараагийн шатны хэлэлцүүлгийг ард, иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн саналыг авах хариуцлагатай ажлыг зохион байгуулах нь юу юунаас чухал. Бид эцэг хуульд өөрчлөлт оруулахад гар бие оролцож байгаа гэдэг түүхэн ач холбогдлоо бодож идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүсье гэлээ.



 

Сургалт Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явагдсан.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс:

 

11/ Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.

2. Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Энэхүү өөрчлөлт нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 1 дэх дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд:

1.    Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгож, засаг захиргааны тусгай нэгжийн эрх хэмжээ олгох боломжийг бүрдүүлнэ.

2.    Дархан, Эрдэнэт хотын оршин суугчдаас байнга тавьдаг асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ.

3.    Аймгийн төвийн сумд болон олон мянган хүн төвлөрөн суух томоохон сум (Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-Үүд)-ыг орон нутгийн харьяалалтай хот болгоход ач холбогдолтой.

12/ Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:

2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.

Энэхүү өөрчлөлтийн эхний өгүүлбэр нь Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн өөрчлөлттөөс үүдэлтэй бол хоёр дахь өгүүлбэр нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 2 дахь дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан дэвшлийг авчирна гэж үзэж байна. Үүнд:

1.    Засаг захиргааны анхан шатны нэгжид удирдлага бэхжиж, хариуцлагыг бодитой тооцох боломжтой болно.

2.    Ялангуяа уул уурхайн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар олборлох, бэлчээр нутаг, отрын болон хадлангийн газрын маргаан, нийгмийн халамжийн болон ажилгүйдэл, сургууль завсардал зэрэг асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүнээс сонгогдсон Засаг дарга, сум дүүрэг, хотын Засаг даргын томилсон баг, хорооны Засаг дарга гэсэн шатлалаар хариуцлагажуулах, эзэнжүүлэх боломж бүрдэнэ.

3.    Баг, хорооны иргэдийн нийтийн Хурал нь Засаг даргад нэр дэвшүүлэхээс бусад асуудлыг ардчиллын зарчмаар шийдвэрлэх боломж нь хадгалагдана.

4.    Засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд улс төрждөг байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлана.

5.    Баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар томилох боломж нээгдсэнээр мэдлэг боловсролтой, туршлагатай хүнийг сонгон ажиллуулах боломж бүрдэнэ гэж тусгагдсан болно.

 


Өнөөдрийн бүсчилсэн сургалтад Баянхонгор аймгийн Галуут, Баянбулаг, Баян-Овоо Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант, Заг болон Хүрээмандал сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн, Эрүүл мэнд, соёлын төвийн захирал, эрхлэгч зэрэг нийт 60 гаруй албан хаагчид оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл