Цэс

Холбоо барих

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 03-ны өдөр хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Ж.Батзандан

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Б.Болор, Ж.Батсуурь, М.Зоригт, Л.Цог, О.Содбилэг, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хууль санаачлагчид Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг тусгайлан зүйлчлэх, хүндэвтэр гэмт хэрэгт тооцох, энэ гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газар, Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газраас мэдээ, мэдээлэл авах шаардлагатай байгаа учир хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан нар мал хулгайлах гэмт хэргийг бие даасан байдлаар хулгайлах гэмт хэргийн бүрэлдээхүүн болгох заалтыг Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед хамтад нь хэлэлцүүлэх, хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанаар мал хулгайлах гэмт хэрэгтэй холбогдсон заалтын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх боломжтой бөгөөд Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцэх үед нь дээрх заалтыг тусгаж, харин хохирол төлүүлэхтэй холбогдсон заалтыг Засгийн газраас өргөн барих Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх боломжтой гэсэн саналыг тус тус илэрхийлж байсан болно.

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.


ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл