Цэс

Холбоо барих

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн Богд суманд болов

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.01) Баянхонгор аймгийн Богд суманд зохион байгуулагдлаа.



 

Төсөл хэлэлцүүлэгч баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба удирдан явуулсан сургалтад Баянхонгор аймгийн Баацагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Жинст, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга, багийн Засаг дарга болон албаны нийт 84 хүн оролцов.

 

Сургалтыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд явуулсан ба сургалтад хамрагдсан албан хаагчид дараагийн хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлгийг баг, сумдадаа үргэлжүүлэн зохион байгуулах юм.



 

Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авав. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 110 иргэн оролцож, 107 саналын хуудас бүртгэгдсэн болно.

 

Хэлэлцүүлгийн үеэр иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу хэлэлцүүлэгч баг хуулийн заалтуудыг харьцуулан тайлбарлаж буйд талархал илэрхийлж байв.

 

Иргэдээс гарсан саналыг дурдвал, Богд сумын 6-р багийн иргэн Ж.Цэвээн, Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх гэсэн хэсгийг дэмжиж байна. Мөн Үндсэн хуулийг хөндөж дордуулах байх гэсэн төсөөлөлтэй байсан бол өнөөдөр сургалт, хэлэлцүүлэгт хамрагдснаар дэлгэрэнгүй, маш тодорхой ойлголт авлаа гэв.

 

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн Баянжав: Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох саналтай байна. Учир нь гишүүд “сонгуулийн шоу” хийснээр дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж амжихгүй байна гэсэн санал хэлж байлаа.


 

Түүнчлэн, иргэдээс гарсан давхардсан саналыг дурдвал, иргэд сумын Засаг даргыг нийт иргэдийн дундаас сонгох, багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилох нь зүйтэй, мөн багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг орон тооны болгох байр суурь илэрхийлж байв.


Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн Галуут суманд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл